МУ-ын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг II хэлэлцүүлэгт шилжүүлэв
2020/10/17

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн /2020.10.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр мэдээлэлдээ, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар  цар тахал дэлхийн 216 улс орны 38,847,804 хүнд халдварласнаас 1,098,414 хүн нас барж, 29,183,690 хүн эдгэрчээ. “Халдвар цаашид тархах төлөвтэй, ирээдүйд голомтот халдвар дэгдсээр байх болно” гэж ДЭМБ-аас мэдээлээд байна. Эрүүл мэндийн яамнаас Монгол Улс дахь КОВИД-19 халдварын эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийхэд “өндөр” эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсныг онцлоод манай улсын хувьд бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 хүн эмчлэгдэж эдгэн, 9 хүн эмчлүүлж байгааг дурдлаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “КОВИД-19 халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө” боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгээс нийгэм, эдийн засгийн салбарыг сэргээх чиглэлээр санал боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах юм. Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон олон улсын байгууллага, бусад донор байгууллагын үйл ажиллагааг КОВИД-19-ын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлоготой уялдуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайд, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн хамтран удирдах “Хүмүүнлэгийн тусламжийн баг”-ийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр олон улсын тусламж, хандивын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, манай улсын тус халдвараас хамгаалах хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн олон улсын түнш байгууллагуудын нөөц боломжийг нэгдмэл төлөвлөлттэйгөөр дайчлан хуваарилах, хамтын ажиллагааны уялдааг сайжруулах боломж бүрдэх юм гэж Шадар сайд мэдээлэлдээ онцоллоо.

 

Коронавируст халдварын цар тахлын улмаас хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн нислэгийн чиглэл, давтамжийг тогтмол нэмэгдүүлж, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхийн 81 улсаас 91 удаагийн захиалгат нислэгээр 18021, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор газраар 6545, нийт 24556 иргэнийг амжилтай татан аваад байна. Захиалгат нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, хүндрэл чирэгдэлгүйгээр жагсаалтад оруулахад бүх шатанд анхаарч ажиллахыг үүрэг болгоод байна. Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 61 тусгаарлан ажиглах байранд 3071 иргэн байна. Тусгаарлах байранд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын болон аж ахуйн нэгжийн нийт 410 ажилтан, алба хаагч томилогдон, иргэдийн эрүүл мэндийг хянах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 290 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг Улсын онцгой комисст хандивлажээ. Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, бараа материалыг Улсын онцгой комиссын Шуурхай штаб, холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээ болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байна гэж Я.Содбаатар сайд мэдээлэлдээ дурдав.              

 

Мөн КОВИД-19 халдварын цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрэлт дэлхийн зах зээл дээр буураад байсан боловч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, ойрын болон дунд хугацаанд эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ирлээ. Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан 3, 4 дүгээр сард өдөрт дунджаар 350 нүүрс ачсан машин гарах болж, уул уурхайн гол бүтээгдэхүүний экспорт тасалдахад хүрээд байсан. Иймд цар тахлын үеийн хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгамдаж байгаа асуудлаар БНХАУ-тай зөвшилцсөний үр дүнд 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд одоогийн байдлаар өдөрт дунджаар 1500 нүүрс ачсан машин гарч, нүүрсний экспорт тогтмол нэмэгдэж байна. Цаашид хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлж, тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ нүүрс, газрын тос болон ашигт малтмалын бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байна. Цар тахал “КОВИД-19” халдвараас шалтгаалан улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжсэн байгаа ч дотоодын худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг хэвийн горимд  шилжүүлэх  чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг танхимын буюу ковидгүй үеийнхтэй ижил хэвийн нөхцөлд шилжүүлээд байна гэв.

 

Цар тахал дэгдсэн өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн бодлогын багц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Тухайлбал, эхний ээлжид иргэд, аж ахуйн нэгж, байгуулагын орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтны цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсний үр дүнд хувийн хэвшилд ажиллаж байгаа 700 мянга гаруй иргэний 87.5 тэрбум төгрөгийн орлого иргэдийн гарт үлдсэн байна.

 

Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, хувийн хэвшлийн 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73,000 орчим ажилтанд 25.2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгож байгаа мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 1,191,099 хүүхдэд мөнгөн тэтгэмж олгосон бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүйн үр дүнд 105 мянга гаруй аж ахуйн нэгжийг 20 орчим тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн.

 

Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон сайн дурын даатгуулагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөр 38.4 мянган аж ахуйн нэгжийн 401.8 мянган даатгуулагч, 144.3 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, энэ оны 4, 5, 6 саруудад нийт 271 тэрбум төгрөгийн чөлөөлөлт хийж, шатахууны үнийг бууруулах, малчдаас ноолуур худалдан авах, дотоодын үйлдвэрлэлд нийлүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг авсныг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.

 

Түүнчлэн  тэрбээр, энэ оны 2 дугаар сараас эхлэн 9 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид бууруулсан дүнгийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох татварын хөнгөлөлт үзүүлсэний үр дүнд томоохон зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө бууруулж, 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгчдийн түрээсийн төлбөр буурч нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан төдийгүй нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийт 67.3 мянган иргэнд олгоод байна.  2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлж, нийт 242,992 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн.

 

Цар тахлын эрсдэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харгалзан 2020 оны төсвийн тодотголын хүрээнд дээрх багц арга хэмжээний зарим арга хэмжээг 2020 он дуустал үргэлжүүлэхээр шийдвэрлэcэн. Тухайлбал, 2020 оны 10-12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 5 хувь, даатгуулагч 5 хувь байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэх, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлэхээр болсон. Мөн нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлж, нийт 124 мянган иргэнийг хамруулахаар болсон гэж байлаа.

 

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-дахь цөөнхийг төлөөлж АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлсний дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс коронавирусын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийн үед аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг хэвийн байлгах, орлогыг хамгаалахад цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээг тодотгохын зэрэгцээ цар тахлын вакцины асуудлаарх Засгийн газрын байр суурийг лавлав. Мөн гадаадад байгаа иргэдэд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх, эх орондоо татан авах ажиллагааг эрчимжүүлэх эсэхийг лавлав.

 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хариултдаа, КОВИД-19 халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги бодлогын баримт бичгийг боловсруулж, холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцлоод ДЭМБ-аас 174 орон нэгдсэн вакцины асуудал дээр хөгжүүлэлт явуулж, хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай улс нэгдэн ажиллаж, эхний ээлжинд хөнгөлөлттэй үнээр вакцин авахаар төлөвлөж байгаа ч одоогоор ДЭМБ-аас зарласан албан ёсны вакцин гараагүй байгааг дурдав. Түүнчлэн тэрбээр, гадаадад байгаа иргэдийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, таталтын тоог байнга нэмэгдүүлснийг дурдаад наймдугаар сард 4500, есдүгээр сард 3700 иргэнээ татан авчирсан бөгөөд энэ хүрээнд эх орондоо яаралтай ирэх хүсэлтээ ирүүлсэн иргэдийн жагсаалтыг ил тод нээлттэй болгосон. АНУ, Австрали, Европ, зүүн өмнөд Азийн орнууд зэрэг бүс нутгуудаас хүсэлтээ ирүүлсэн иргэдээ татаж авсан. Одоо БНСУ-аас нэн яаралтай ангилалд хамаарах 4800 иргэнээ авах ажил байна гэв. Мөн гадаадад 180 мянган Монгол иргэн байдаг. Сард 10 мянган иргэн ирэх хүсэлт ирүүлж байна. Онцгой комиссын шийдвэрээр 300 сая төгрөгөөр гадаадад буй иргэдийг авчрах сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд зарцуулаад байна хэмээн хариулж байлаа.

 

Дараа нь  Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг коронавирусын цар тахалтай холбоотойгоор малчдын орлого тааруу байгаагаас нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн хугацааг нэг жилээр сунгах асуудлыг эргэн харах шаардлагатай байгааг тодотгоод “Шинэ сум” төслийг хүн ам олонтой сумдуудад эхлүүлэх асуудалд Сангийн сайд анхаарлаа хандуулахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, боловсрол, соёл шинжлэх ухааны төсвийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахыг онцлоод Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс малчдын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа бэлчээрийн даацын менежментийг зөв хийх, хадлан тэжээлээ бэлтгэх асуудалд гарц, шийдэл гаргах шаардлагатайг онцлов. Түүнчлэн хавдраас урьдчилан сэргийлэх төвүүдийг 21 аймагт байгуулж, иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах арга хэмжээ авч ажиллах, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. 

 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодуудад шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404