Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлтийг танилцуулав
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.16) хуралдаан 09 цаг 04 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа.
2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол ирүүлжээ.
Үндсэн хуулийн цэц уг маргааныг хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … хөрөнгө чинээ ... -гээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...”, мөн зүйлийн 12 дахь заалтад “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;”, мөн зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргасан болохыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.8-д “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээг хэрэгжүүлснээр нэмэгдээд байгаа төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, ЦАХИМ, ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байна.
Төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болохыг Ерөнхий сайд төслийн танилцуулгадаа онцолсон.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд ээлтэй татвар, гаалийн тогтолцоог бүрдүүлж, цахим, ил тод, үр ашигтай төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэн, төсвөөс гадуурх зарцуулалтыг хязгаарлаж, өрийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэн өрийн дарамт багасаж эдийн засаг тогтвортой өсөх хандлагадаа орсон гэв.
2020 оны хувьд хэн ч урьдчилан төсөөлөөгүй COVID-19 цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Халдварт цар, тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдийн амьжиргааг хангах цогц арга хэмжээний улмаас иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг тэтгэх зориулалттай төсвийн зардал нэмэгдэж алдагдал дотоодын нийт бүтэгдэхүүний 9.9 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсуудын дунджаас ихгүй байна гээд зарим орны төсвийн алдагдлын талаарх мэдээллийг дурдав.
Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх шат дараалсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, нийт эрэлтийг дэмжсэний үр дүнд манай орны ард иргэд, эдийн засаг коранавируст цар тахлын энэ хүнд үеийг хохирол багатайгаар даван туулж байгааг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдав.
Цар тахлын эсрэг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа төсөв санхүүгийн бодлогыг зөв, оновчтой болохыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд дүгнэж байгааг онцлон тэмдэглэсэн.
Үргэлжлүүлэн тэрбээр өрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. 2012-2016 оны хооронд төсвийн сахилга бат дээд зэргээр алдагдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 8 удаа өөрчлөлт оруулснаас 2015 онд 5 удаа өөрчилж төсөв, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг дордуулснаар эдийн засгийн өсөлт 2009 оноос хойших хамгийн доод түвшинд буюу 1.2 хувьд хүрч агшсан, төсвөөс гадуур хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах”, “Сайн” зэрэг хөтөлбөрүүд, Хөгжлийн банк, векселийн санхүүжилт, барих-шилжүүлэх концессууд зэргээс шалтгаалан төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд, Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 79 хувьд хүрсэн байсан. Ийм хүнд нөхцөлд Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирсэн байна. Улмаар, төсөв, санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр төсвийн бодит хэрэгжилт төлөвлөснөөс илүү сайжирч 2018 онд ашигтай, 2019 онд анх батлагдсанаас 2.5 дахин бага буюу ДНБ-ий 2.0 хувийн алдагдалтай гарсан байна. Судалгаа тооцоогүй өр үүсгэж, Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төслүүдэд зарцуулсан Чингис бондын 1.5 сая ам.доллар, Дим сам, Мазаалай, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бондын өрийг төлөхөд ашигласан Хуралдай бондын өр, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан 1.0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны өрийг Монгол Улсын төлбөрийн тэнцэл, төсөвт дарамт үзүүлэхгүй арга замуудаар төлж байгаа гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газар 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ. Өрийн дарамт буурснаар 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин, тэтгэврийг жил дараалан нэмэгдүүлж, олон жил хэрэгжилтээ хүлээсэн нийгэмд тулгамдаж байсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэсэн, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дотоод нөөц бололцоондоо тулгуурлаж шийдсэн зэрэг нь төсвийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн юм. Манай Засгийн газар өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлсний дүнд өр үүсгэх зорилгоор нэг ч бонд гаргаагүй, арилжааны банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл огт аваагүй өдийг хүргэж ирсэн гэдгийг онцолж хэлье” гэлээ.
Засгийн газрын сая гаргасан “Нүүдэлчин” бонд нь 2021 онд төлөх өндөр хүүтэй Мазаалай бондын ихэнхийг 2 дахин хямд үнэтэй бондоор солих, 2022 онд төлөх Чингис бондын тодорхой хэсгийг худалдан авч зээлийн хүүгийн төлбөрийг 26.7 сая ам доллароор хэмнэсэн өрийн менежментийн үйл ажиллагаа болсныг мөн онцлон дурдав. Цаашид ч эдийн засаг, төсөвт дарамт үзүүлэхгүйгээр өр, төлбөрийг барагдуулж, өрийн дарамтыг бууруулах, тухайн жилд төлөгдөх өр, төлбөрийн дарамтыг жигд болгох арга хэмжээг УИХ-аар баталсан Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ.
Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзэж байгаа аж. Тухайлбал, Дэлхийн Банк өсөлтийн төсөөллийг 5.6 хувиар, Олон улсын валютын сан 8.0 хувиар өснө гэж тус тус тооцсон байна. Засгийн газар 2021-2023 оны эдийн засгийн дундаж өсөлтийг урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6.0 орчим хувьд хүргэхээр зорьж байгаа гэв.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд дараах бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Үүнд:
Нэг.Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.
Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор ирэх 2021 онд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж хамрагдалтыг нэмэгдүүлэх, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш шударга орчин бүрдүүлэх бодлого баримталж байна.
Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг нэмэх бус борлуулалтаа нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ. Энэ зорилгоор Засгийн газраас 2019 оноос үе шаттай хэрэгжүүлж байгаа татвар, гаалийн шинэчлэлийн ажлууд ирэх оноос үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцсон байна.
Гаалийн шинэчлэлийн үр дүнд экспорт, импортын голлох боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хилээр нэвтрэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар экспортыг нэмэгдүүлнэ. Мөн өндөр хүчин чадлын рентген, дээж авагч тоног төхөөрөмж, гаалийн лаборатори зэргийг байгуулж экспортын бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв тодорхойлж татварыг бүрэн хураадаг болох юм байна.
Монгол Улсын 1.7 сая гаруй иргэн өдөр тутам хэрэглэж, 34 гаруй их наядын гүйлгээ бүртгэгдэж байгаа e-баримтын системийг улам боловсронгуй болгон иргэд худалдан авсан бараандаа гар утсаараа хяналт тавих, улс экспортоор гарч буй байгалийн баялгийн тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэх, хяналт тавих боломж бий болох аж.
Засгийн газраас газрын бүртгэлийг бүрэн цахимжуулж ил тод болгох, газраас авах татвараа хуулийн дагуу ногдуулж хураах ажилд онцгой анхаарч хууль бус, замбараагүй олгогдсон газрын зөвшөөрлүүдийг цэгцлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын төлбөрөөс зайлсхийх явдлаас сэргийлж татварын тэгш шударга байдлыг хангаснаар орон нутгийн орлогыг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэлээ.
Түүнчлэн, авто зам ашигласны төлбөр хураахад хүний хүчин зүйлийн нөлөөлөл их, зардал өндөр, хяналт сулаас гадна түгжрэл үүсдэг үр ашиггүй постын системийг дугаар таних орчин үеийн камерын технологиор сольж авто зам ашигласны төлбөрийн нэхэмжлэлийг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан түргэн шуурхай хүргүүлж хялбараар төлөх боломжтой болгоно.
Татварыг иргэд аж ахуйн нэгжээс захиргааны аргаар албадаж хураах бус технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж, энгийн хялбараар төлөх боломжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоно. Худалдаа, үйлчилгээний газруудад цахим төлбөрийн наалтыг байршуулан, иргэд цахим төлбөрийн баримтыг өөрөө үүсгэж худалдан авалтаа бүртгэх боломжийг бүрдүүлснээр цахим төлбөрийн баримт олгодоггүй байдал аяндаа арилж, далд эдийн засаг хумигдаж шударга байдлыг урамшуулах эерэг үр дагавартай гэж үзэж байна.
Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно.
Хоёр. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулсан эрүүл мэндийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх болно.
Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна.
Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн шилжинэ.
Шинэчлэлийг хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар очер дараалалгүй худалдан авдаг болох юм. Иргэн хүн даатгалын ач холбогдлыг ийм нөхцөлд л ойлгож ухаарч хүн бүрийн даатгуулах сонирхол нэмэгдэх учиртай.
Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эмнэлгүүд стандарт үйлчилгээ болон чанараар өрсөлдөж, иргэнд ээлтэй эрүүл мэндийн тогтолцоо төлөвших эхлэл тавигдах болно.
Шинэчлэлийн хүрээнд эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулж стандартын шаардлага хангаагүй, өндөр үнэтэй хуурамч эмийн нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавьж зах зээлээс шахах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Боловсролын салбарт хамран сургалтын хувь өндөр байгаа ч сургалтын чанар хангалтгүй байгааг хот, хөдөө, сургуулиуд хоорондын боловсролын ялгаа харуулж байна. Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэж чадахгүй, үр ашиггүй байна.
Засгийн газраас боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж “Гурван ээлжгүй сургууль”, “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж материаллаг хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрээд байгаа ч боловсролын чанарыг сайжруулж ирээдүйн МОНГОЛ ХҮНИЙ төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болжээ.
Багшийг хөгжүүлэх, сургалтын стандарт хөтөлбөр, орчин үеийн хэрэглэгдэхүүн, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл, төсвийн хуваарилалтын бодлого хэрэгжүүлэх болно.
Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр, анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийнэ. Ингэснээр сургуулиудын бүлэг дүүргэлт нэмэгдэж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, суралцагчийн сурлагын чанарт ахиц гарна.
Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд эдгээр асуудлуудыг Засгийн газар ирэх оноос цогц байдлаар хэрэгжүүлж эхэлнэ.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийг ажиллах хүчний өрсөлдөх чадварын бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Улс орны бүтээн байгуулалтын том төслүүдийг дагаад зах зээлд эрэлттэй мэргэжлийн ажиллах хүчин хангалттай бэлтгэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах асуудалтай салшгүй холбоотой юм.
Боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Цаашид ирээдүйгээ харсан тэргүүлэх, нэн шаардлагатай байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтын зээл болон тэтгэлэг олгож, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцахыг дэмжих бодлого баримтална.
Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой. Эмч, сувилагчдын цалин хөлсийг үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж, багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
Гурав. Коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн эрсдлийг бууруулах зорилгоор иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Коронавирусын цар тахлын аюул үргэлжилсээр байгааг харгалзан эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн болон нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 3-5 нэгжээр хөнгөлж нийт 17 хувиар тооцохоор төлөвлөөд байна.
Цаашид нийгмийн даатгалын төрөл, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, хүн амын өсөлт, насжилт, цалин хөлсний бодлого зэрэгтэй уялдуулан тогтолцооны хувьд иж бүрэн шинэчлэх замаар ажил эрхлэлтийг дэмжсэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд дарамтгүй, санхүүгийн хувьд урт хугацаанд тогтвортой, төлсөн шимтгэлийн хэмжээгээр ирээдүйд үр өгөөжөө өгдөг, тэгш, шударга, ил тод, үр ашигтай тогтолцоонд шилжинэ.
Түүнчлэн олон төрлийн халамжийг хавтгайруулан давхардуулж олгодог байдлыг цэгцэлж зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хүртээмжтэй дэмжлэг, тусламж олгодог байхаар нийгмийн халамжийн тогтолцоог өөрчилнө. Халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлан танил тал, авилгаар төрийн халамж хүртэж ядарсан нэгний боломжийг хулгайлдаг нүх цоорхойг хааж, бэлэнчлэх бус харин ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийнэ.
Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан халамж, нийгмийн даатгалын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хууль эрх зүйн багц өөрчлөлтийг Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх болно.
Дөрөв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн үр дүнг ахиулна. Засгийн газраас түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн орлого болон газрын тосны лицензийн төлбөрийн орлогын зарцуулалтыг оновчтой болгох, сайжруулсан түлш үйлдвэрлэх, сайжруулсан түлшээр нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан байна. Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг бататгаж, цаашид улам сайжруулах зорилгоор шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах, мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна.
Тав. Төрийн үйлчилгээг цахимжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор Засгийн газар ЦАХИМ МОНГОЛ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж төрийн 181 төрлийн үйлчилгээг хамруулаад байна. Төрийн доод, дунд шатанд байгаа хүнд суртал, авлигыг устгах, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам эрчимжүүлж цахим төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хаана ямар төсөл, хэдий хэмжээний төсвөөр хэрэгжиж байгаа болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилт ямар шатандаа байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд гар утаснаасаа авах боломж бүрдэж, санхүүжилтийг түргэн шуурхай олгодог болоод байна. Төрийн байгууллагуудын хурал зөвлөгөөн, сургалт, семинар, гадаад болон дотоод албан томилолт, хяналт шалгалтын чиг үүргийг цахимаар хэрэгжүүлж холбогдох зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэх боломж байна.
Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Төрийн бүх шатны байгууллагын орон тоонд хяналт тавьж, давхардсан болон илүүдэл орон тоог бууруулах зэргээр цалин хөлсний оновчтой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж зардлын өсөлтийг тогтворжуулна.
Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ. Үүний үр дүнд халамжийн байгууллагын ажилтнуудын өргөдөл хүсэлт хүлээн авч шийдвэрлэх ажлын ачаалал болон бичиг хэрэг, болон архивын зардал буурч, улмаар халамжийн ажилтнуудын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж халамжид хамрагдсан өрх, иргэдтэй ажиллах цаг нэмэгдэх болно.
Зургаа.Өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойг бэлчээрийн хүрэлцээтэй уялдуулахын зэрэгцээ орон нутагт төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгоно. Манай улсын мал сүргийн тоо 2019 оны эцсийн байдлаар 70.9 саяд хүрч 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн байна. Малаа өсгөх нь хүн амын хүнсний хэрэглээг хангах, малчдын амьжиргааг сайжруулах сайн талтай ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудал бий боллоо.
Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломжийг олгож сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг олгохоор төлөвлөж байна.
Энэ нь улсаас тогтоож, хураах албан журмын татвар биш бөгөөд тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, бэлчээрийн даац, хүртээмж, хөрсний элэгдэл, цөлжилт, малын төрөл, тоо толгой зэрэг хүчин зүйлсээ харгалзан нутгийн ард иргэд, малчдын санал дээр үндэслэн татвар ногдуулах боломжтой болох юм. Улмаар уг татварын орлогоо тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломжийг бүрдүүлж байна.
Долоо. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар цар тахлын улмаас улсын эдийн засаг нэлээд агшиж байгаа энэ үед мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд нийгэм, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоохгүй үргэлжлүүлж байна. Сум, орон нутагт хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засвараас эхлүүлээд томоохон төслүүдийг ч саадгүй санхүүжүүлж байна. Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016-2019 онуудад 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр, 52 эмнэлгийн барилга болон 1773 км авто зам, 1481 метр гүүрийн байгууламж, 500 км инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулсан бол 2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр шинээр барьж ашиглалтад оруулна. Дэд бүтцийн салбарт авто замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны шугам сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулна. Түүнчлэн олон жил яригдаж шийдлээ хүлээж байсан нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж ашиглалтад оруулж байна. Тухайлбал 5 удаа нээлт хийн тууз хайчилж олон жил яригдсан Баянхонгор Говь-Алтай аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замыг нэг жил гаруйн хугацаанд дуусган ашиглалтад оруулж эхний санхүүжилтийг 2021 оны төсвийн төсөлд тусгалаа.
Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулахын зэрэгцээ, Үндэсний урлагийн их театр, Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөжээ.
2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор, нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга, эмнэлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Мөн зарим сургууль, цэцэрлэгийн болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлэх юм байна.
Төслүүдийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-ийн суралцагчдад олгож буй тэтгэлэгийн насны хязгаарыг дээшлүүлэх, ипотекийн зээл олголтын талаар асуулт асуулаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын чиглэлийн асуултад хариулахдаа, МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэг олгох асуудал эхэн үедээ хяналтгүй, замбараагүй явагдсан бөгөөд зарим тохиолдолд 60-70 насны хүмүүс суралцах, гэр бүлээрээ суралцах зэрэг асуудлууд түгээмэл гарсан. Тиймээс төр засгийн зүгээс бодлогоо эргэн харж, “45 нас хүртэлх” гэсэн хязгаарлалтыг тавьсан гэлээ. Ер нь МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэгийг мөнгөн дүнгээр шууд олгох нь оновчгүй, үүнийг ажлын байртай уялдуулах, хяналттай, ил тод байлгах шаардлага бий гэлээ. Тус яамнаас mergejil.mn цахим сайтыг ажиллуулж, МСҮТ-үүдийн санхүүгийн болон суралцагчдын мэдээллийг ил тод болгож байгаа гэлээ. Хэлэлцэж буй төсвийн төсөлд МСҮТ-ийг дэмжих санд 72.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.
ХБНГУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр МСҮТ-ийг компаниуд дэргэдээ байгуулах, төгсөгчдийг тус компани ажлын байраар хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг Н.Учрал гишүүн хэлж, холбогдох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаагаа хэлэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хамтран тодорхойлж, шийдвэрлэх боломжтой гэдэг саналыг хэлж байв.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийн талаар мэдээлэл өгөхдөө, Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, арилжааны банкууд 40 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлээд, арилжааны банкуудаар 6 хувийн хүүтэй зээлийг өнөөдрөөс олгож байгаа гэлээ. Өмнө нь өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байж ипотекийн зээл авах шалгуур хангадаг байсан бол зээлийн хүүг 6 хувь болгож бууруулснаар өрхийн орлого 1 сая гаруй төгрөг байхад зээл авах бололцоотой болж байгаа гэв. Орон нутгийг энэ төрлийн зээлд хамруулах чиглэлээр тодорхой бодлого боловсруулан ажиллаж байгаа талаар дуулгав. Нийт 21 аймгийн 13 нь шугам сүлжээтэй бөгөөд үүнд суурилсан ипотекийн зээлийг олгох схемийг танилцуулахаар бэлтгээд байгаа гэлээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Баделхан, Г.Амартүвшин нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүдийн асуултад Сангийн сайд хариулт өгөхдөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 348 зорилт тавигдсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 47.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон байдаг. Засгийн газрын зүгээс нийгэм, эдийн засгийн салбарт олон жил хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн бөгөөд ирэх онд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Дараагийн ажил бол боловсролын салбарын реформ гэдгийг дурдав.
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургуульд 148 мянган оюутан суралцаж байгаа бөгөөд 100 мянган хүнд ногдох оюутны тоогоор Монгол Улс нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэллээ. МСҮТ-д 40 орчим мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд дээрх хоёр тоон үзүүлэлт солигдох нь оновчтой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Улсад нарийн мэргэжлийн ажилтнууд, инженер, техникийн мэргэжилтнүүд нэн хэрэгцээтэй байгаа ч хөдөлмөрийн зэх зээл дээр энэ төрлийн мэргэжилтнүүд хомс байгаа гэлээ. Монгол Улсад нийтдээ 125 мянган ажилгүй иргэн байгаа, үүний 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа гэдэг тоон мэдээллийг тэрбээр дурдлаа. Ажилгүй иргэдийн 30-40 мянга нь идэвхтэй ажил хайж байгаа, үлдсэн нь ажил эрхлэхгүйгээр амьдарч болоод байгаа гэж үзэж болно гэв. Тиймээс ажилгүй иргэдээ ажлын байраар хангахын тулд МСҮТ-үүдэд сургах, мэргэжил олгох чиглэлд анхаарч, тодорхой тэтгэмж олгож байгаа. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч байгаа хэмээн үзэж цаашид хэрэгжүүлэхээ танилцуулав. Ажиллах хүчний нөөцийн дийлэнх нь оюутнууд байгааг тэрбээр хариултынхаа үеэр онцолсон.
Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласаны дүнд 5-6 аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг тогтоосон байна. Үүнээс Баянхонгор аймаг нэн хүндрэлтэй байгаа гэдэг дүн мэдээ гарсан бөгөөд УОК, салбарын яамнаас өвлийг хохирол багатай даван туулах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа гэлээ. Тухайлбал, өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудаас мал, мах бэлтгэлийг түлхүү зохион байгуулах, оторт байгаа малчдыг зохицуулах гэх мэт ажлуудыг хийж байгаа юм байна. Өвс тэжээлийн бэлтгэлийн асуудалд анхаарч, цаашдаа улсын нөөцөд өвс нөөцлөхгүй, хүчит тэжээл нөөцлөх нь зүйтэй гэж үзсэн гэлээ. 40 кг шуудайтай хүчит тэжээл нь 11 боодол өвтэй тэнцэх бөгөөд энэ төрлийн тэжээлийг нөөцлөх нь илүү ач холбогдол, үр дүнтэй, эдийн засгийн хэмнэлттэй гэж тооцсон талаар У.Хүрэлсүх сайд хэллээ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаа энэ онд дуусах бөгөөд энэ хугацаанд 80 мянга гаруй иргэн хамрагдах тооцоололтой байсан ч гүйцэтгэл нь 6280 иргэн л хамрагдаад байгаа гэлээ. Ихэвчлэн малчид хамрагдсан бөгөөд 5244 нь шууд тэтгэврээ тогтоолгоод, авч эхэлсэн байна. 10.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн ч одоогоор 6.5 тэрбум төгрөг нь зарцуулагдса