“СУРАЛЦАГЧДЫН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ СУРГАЛТАД ХАРГАЛЗАХ НЬ – ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО
2020/04/30

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг илтгэл”-ийн эрдэм шинжилгээний хурлыг 2019-2020 оны хичээлийн жилд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн” сэдэвтэйгээр 53 дахь жилдээ, 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Дэлхийн улс орнуудад тархаж буй COVID-19-ийн халдвар, Монгол Улсын Засгийн Газраас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед уг хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эрдэмтэн судлаач, багш оюутан, эцэг эх, олон нийтэд хурлын үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс Боловсролын хүрээлэнгийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ. Эрдэм шинжилгээний цахим хуралд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг бүрээс шалгарсан, нийт 30 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн төлөөллөөс бүрдсэн шүүгчийн баг ажилласан байна.

Илтгэгчид сурагчдын ялгаатай байдлыг сурлагын түвшин, суралцахуйн бэрхшээл, суралцах хэв маяг, зан төлөв зэрэг чиглэлээр тодорхойлон, уг ялгааг харгалзан хичээл, сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, турших, сайжруулах арга замыг эрэлхийлэн судалсан судалгааны үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлага солилцов. Багш нарын судалгааны ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд хурлын ач холбогдол оршиж байна.

Уг цахим хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 74 оролцогчийн 87 хувь нь цэцэрлэг, сургуулийн багш, 13 хувь нь удирдах ажилтан байсан бөгөөд 38 хувь нь нийслэлээс, 38 хувь нь аймгаас, 24 хувь нь сумын төвөөс оролцлоо. Нийт багш нарын 60 орчим хувь нь тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй, анхны удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байсны зэрэгцээ 23 хувийг бага ангийн, 20 хувийг монгол хэл, бичгийн, 17 хувийг түүх, нийгмийн ухааны багш эзэлж байсан бол 7 орчим хувь нь цэцэрлэгийн багш нар байв.

Оролцогчдын 50 орчим хувь нь 10 хүртэл жил ажилласан багш нар эзэлж байгаа, 65 орчим хувь нь 2-оос дээш гишүүнтэй багаараа судалгаа хийсэн зэргээс үзэхэд залуу багш нар судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэл эрмэлзэлтэй, хамтран ажиллах идэвх сонирхолтой байгаа нь харагдаж байна.        

Эрдэм шинжилгээний цахим хурлыг амжилттай зохион байгуулах технологийн боломжоор хангасан МУБИС-ийн зайны сургалтын төвийн хамт олон болон хамтран ажилласан дүүргийн Боловсролын хэлтэс, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын удирдлага мэргэжилтнүүдэд Боловсролын хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.

“Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн” сэдэвт 2020 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн баг, хамт олон  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
долма66.181.177.14
илтгэл уншмаар энэ энэ сэдвийн
2023/11/25
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404