Хичээлийн жилийн зорилго, зорилтоо багш, сурагч, эцэг эх рүү чиглүүлэн тодорхойллоо
2019/08/22

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлж, багш, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах зорилго дэвшүүлж байна. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

1. Хичээл, сургалтын үйл ажиллагаанд заах аргын нэгдэл, багаар хамтран чанартай бэлтгэх, ээлжит хичээлийг хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээ, сонирхлыг харгалзан, адил тэгш оролцоог ханган үр өгөөжтэй удирдан зохион байгуулах чиглэлээр багшийн заах арга, ур чадварыг хөгжүүлэх;

2. Суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын явц, үр дүнд тогтмол шинжилгээ хийж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшүүлэхэд сургалтын төлөвлөгөөн дэх “Багш зохицуулах цаг”-ийг үр өгөөжтэй ашиглан агуулгын хоцрогдолгүй сургах;

3. Багш ажлын байранд мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх соёл төлөвшүүлж, орчин нөхцөлийг бүрдүүлэх;

4. Сургалтын менежер, арга зүйчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө багшид өгөх, тэдний хамтын ажиллагааг дэмжих, хичээлийн явц, үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, ёс зүй, харилцаа, хандлагаар манлайлан мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн чиг үүргээ бүтээлчээр хэрэгжүүлэх;

5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн насны бүх хүүхдийг хөгжлийн онцлог, хэл соёл, оршин суугаа газар, амьжиргааны түвшнээс үл хамааран боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулах;

6. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тогтмол хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлж сургуульд бэлтгэх ажлыг эцэг, эх, асран хамгаалагч, нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоонд суурилан үр дүнтэй зохион байгуулах;

7. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлж, сурах бичгээр бүрэн хангах;

8. Сургалтын байгууллагын үнэлгээг баримт нотолгоонд тулгуурлан хийж, цаашдын үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг хамтын оролцоотой тодорхойлох соёлыг төлөвшүүлэх;

9. Сургалтын байгууллагын орчныг аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцүүлэх, аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, байнгын хяналт тавих;

10. Хүүхдийн сурлага, хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;

11. Албан бус, насан туршийн боловсролын үйлчилгээний хүрээ, арга хэлбэрийг бүх насны хүн амын хэрэгцээнд нийцсэн байдлаар өргөжүүлэх

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404