Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
5 сарын өмнө

Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.

Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрханы нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг үйлдлээ.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тэмдэглэв. Байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтайчууд дэмжин 108 сая мод тарих амлалт өгч, бусад аймгаа манлайлсанд төрийн тэргүүн талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний өв соёлыг хадгалсан онгон дагшин байгальтай, эрдэнэс баялгийн арвин сан хөмрөгтэй алтайчууд нутаг орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Лам хуврагууд Буман цагаан судар, Бурхан буудай хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубын харваач, Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, тус аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй.

Уулын ноён оргил нь 3,765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх, асга нуранги ихтэй. Уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран гол эх авч урсдаг.

Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс, жимсгэнэ ургадаг.

Аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувуу элбэгтэй. Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр  байц хад, хадан хавцал байдаг.

Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж иржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404