“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна
2023/06/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум, “Соёолж” ХХК-ийн Мод үржүүлгийн газарт ажиллалаа.

50 га талбай бүхий энэ газарт 15 төрлийн мод, бут үржүүлдэг бөгөөд усан сан, үрслэгээний хүлэмж, усалгааны систем, цахилгаан дэд бүтэц, ургамал болон үр хадгалах зоорь, агуулах зэргийг цогцоор нь шийдэхэд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.


Усалгааны систем нь гэхэд л 3,000 м.куб усан сангаар дамжуулан 14 бойжуулах талбайд усалгаа хийх хүчин чадалтай. 8,000 м.кв талбайтай хүлэмжид нэг зэрэг 20 сая мод, бут үрслүүлэх боломжтой бөгөөд одоогоор нийт 50 га талбайн 70 хувийг бүрэн ашиглаж байна. Модны үндсийг гэмтээхгүйгээр ухаж авдаг болон олон үйлдэл гүйцэтгэх боломжтой техник, 20 тн багтаамжтай усалгааны машиныг улсдаа анхлан ашиглаж эхэлжээ.

Одоогоор шилжүүлэн суулгахад бэлэн 20 сая мод, бутны тарьц, ойжуулалтад зориулсан гурван сая модны нөөцтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгаагаар ойн мэргэжлийн байгууллагын тарьц, суулгацын нөөцийн 70 хувийг “Соёолж” ХХК дангаар бүрдүүлж байна.


Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дагуу таван газарт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэг газар нь 20-30 га талбайтай байх бөгөөд гурван жилийн хугацаанд 25-30 мянган мод, нийт 150 мянган мод тарих төсөл боловсруулсан байна.
Мөн газрыг нь шийдэж өгвөл нийслэлийн Баянгол дүүрэг болон Сэлбэ голын эрэг, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл тус бүр 10-15 га газарт концесс эсвэл шууд гэрээгээр хоёр жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад бэлэн байгаа тухай компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн хэлэв.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрээд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404