ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД АЖИЛЛАЛАА
2022/09/21

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр "Хүүхдийн төв сувилал дээр ажиллав. Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1,260-1,380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай  нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм. Тус сувилал нь гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх үндэсний лавлагаа төв билээ.


 
 

Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ  өдөр мөн хүүхдийн төв сувилал 2022 оны  анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч сувилж эхэлсэн байсантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх ба хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг өглөө. Ташрамд дурдахад энэ онд ЭМЯ-наас “Хүүхдийн төв сувилал”-ын дотор засвар үйлчилгээнд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шаардлагтай рентген, хэт авиан оношилгооны аппарат зэргээр хангасанаас гадна, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.



Энэ үеэр тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэхүү талбайн тоглоомнууд нь  эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээгдсэн бөгөөд тус сувилалд эмчлүүлж буй тусгай хэрэгцээт суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм. Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, "Анхны мянган алхам" ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг, ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эрхэм эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв.
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404