Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутаг буй Аладагийн ордны хайгуул, судалгаа"-ны төслийн удирдагч, доктор Д.Анхбаяр тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан тосгоноос “Аладагийн ордон” хэмээх Ил хаант улсыг үндэслэгч Хүлэг ханы зуны ордны туурийг олж илрүүлжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Монголын археологич, эрдэмтэд түүхэндээ анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад хийсэн Монголын эзэнт гүрний дурсгалын хайгуул судалгаа ийнхүү амжилттай болсныг судалгааны багийнхан уулзалтын үеэр хэлж байлаа. Эртний Перс, Армен хэл дээрх түүхэн сурвалжуудад Ил хаан Хүлэгү одоогийн Турк улсын Ван мужийн бэлчээр сайтай бүс нутгийг “Лавтай сагут” буюу “Лавтай суух” газар хэмээн монгол нэр өгч, 1261-1265 оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Олон жилийн судалгааны ажлын үр дүнд энэхүү зуны ордны туурийг нээж, түүхэн баримт, мэдээллийг баталгаажуулах ховор үнэ цэнтэй олдворуудыг илрүүлсэн байна. Судалгааны ажлын эхний өдрүүдэд эрдэмтэд Ил хааны үеийн шаазан эдлэлийн үлдэгдлүүдийг олжээ.
Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаяр хэлэхдээ, “Монголын эзэнт гүрний хаадын ордноос одоогоор Өвөр Монгол дахь Хубилай хааны ордон, Иран дахь Амбагай хааны зуны ордон, Алтан ордны улсад байгаа Сарай хот гэсэн гурван ордон олдоод буй. Харин энэ удаа дөрөв дэх ордныг нээн илрүүлсэн байна. Энэ жил Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа. Ойн баярт чухал ач холбогдолтой түүхэн олдвор болох болов уу гэж бодож байна. Энэ түүхэн туурийг өнөө цагаас 700 гаруй жилийн өмнө баригдсан гэж үзэж байгаа. Аладагийн зуны ордонд томоохон их хуралдай тогтмол болдог байснаас гадна хамгийн багадаа 1200×1200 метр талбай бүхий орд хот байсан гэж үзэж байгаа. Археологийн судалгааны малтлагыг Турк улсын эрдэмтэдтэй хамтран хийхээр төлөвлөсөн” хэмээгээд малтлагын ажлыг хийхэд хууль эрх зүйн хүрээнд бэлтгэл хангах шаардлагатай бөгөөд үүнд шийдвэр гаргах түвшинд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Манай улсын археологич, эрдэмтийн олон жилийн нөр их судалгааны ажлын үр дүнд өмнө нь судлагдаагүй байсан Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг болох Ил хаант улсыг үндэслэгч, Чингис хааны ач хөвүүн Хүлэгү ханы зуны ордныг нээн илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхий дахины түүх, археологийн судалгаанд чухал нээлт боллоо. Цаашид судалгааны ажлыг эрчимжүүлж, олон түүхэн олдворыг нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд судалгааны багийнханд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Ташрамд тэмдэглэхэд, Хүлэгү хан нь 1252 онд Монгол нутгаас гарч явснаас хойш 9 жилийн дараа уг ордныг бариулсан гэдэг. Үүнээс үзвэл барилгын хийц, архитектурын зохион байгуулалтын тухайд Хархорум хотын загварыг ашигласан байх магадлалтай гэдгийг судлаачид хэлсэн. Буддын шашны сүм хийдийг бариулсан хийгээд ордны гоёл чимэглэл хийхэд буддист уран барималчид, урчуудыг оролцуулсан нь уг ордныг монгол шинжтэй байх магадлалыг нэмэгдүүлжээ. Судалгааны багийн урьдчилсан тандалтаар Ил хаадын үеийн цэнхэр, ногоон ваар, ханан хээтэй ваарын үлдэгдэл бүхий туурийг илрүүлсний зэрэгцээ Хархорумын малтлагаас олддог зээ бад бүхий дээврийн ваартай төстэй олдворууд тухайн орон нутгийн музейд хадгалагдсан байна.
Уулзалтад Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаяр, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор, археологич А.Энхтөр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, Түүхийн ухааны доктор Ю.Болдбаатар, Түүхч, Хятад судлаач, доктор Б.Энхчимэг нар болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.