Нүүдэлчин Монголчуудын эртний гайхамшигт өв соёлын нэг нь дэвсэх тойрон бүжиг юм.
Энэхүү бүжиг нь монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд язгуурын монголчуудын дунд эртнээс уламжлагдан иржээ. “Дэвсэх саглагар мод”-ны бүжиг нь Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үед төрт ёсны бүжгийн хэмжээнд хүртлээ баяжин, “Их хэнгэрэгт дэвсэх тойрон бүжиг” болтлоо өрнөн бадарч байжээ.
Төрт ёсны бүжиг хэмээсний учир нь “Монголын нууц товчоо”- ны 57-р зүйлд: “Хамаг Монгол, Тайчууд нар Хоталыг хаанд өргөмжлөөд Онон мөрний хөндийд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал өвдөг газрыг үлтэртэл дэвхцэн бүжиглэж хуримлав” хэмээсэн байдаг.
Бид өв соёл, үндэс язгуураа хайрлан хамгаалж, үр балчиртаа өвлүүлэхийн төлөө, үндэстний дархлаа, эв нэгдэл, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хадгалан хамгаалахын төлөө ЯЗГУУРТ МОНГОЛ тойрон бүжгийн уралдаант өдөрлөгийг жил бүр уламжлал болгоно гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлэв.