Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Солонгосын дүрс оношилгоо эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэн (КИРАМС)-ын ерөнхийлөгч Жонг-Хоон Парк нар өнөөдөр эмнэлзүйн судалгааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд УХТЭ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц. Ганзориг, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Цөмийн оношилгоо эмчилгээний төвийн дарга С.Эрдэнэчимэг, Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч М.Минжмаа, УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд, Дүрс оношилгооны төвийн дарга Л.Оюунболд, Солонгосын дүрс оношилгоо эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Эмнэлгийн төлөвлөлтийн багийн дарга Жунг Мин Ким, Эмнэлгийн хамтын ажиллагааны албаны дарга Енг Хо Чо нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“ЦОЭТ нээлтээ хийснээс хойш нэг жилийн хугацаанд 600 орчим ПЕТ-СТ шинжилгээг хийсэн ”
Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “ УХТЭ нь 90 жилийн түүхтэй улсын ууган Төв эмнэлгүүдийн нэг юм. Эмнэлгийг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Үндэсний Оношилгоо эмчилгээний төв байгуулах төслийг эхлүүлсэн.
Солонгосын Олон улсын Эрүүл мэндийн сангаас санхүүжүүлсэн дээрх төслийг дэмжих “Цөмийн анагаах ухааны тасгийг байгуулах” дэд төслийн хүрээнд КИРАМС эмнэлгийн хамт олон манай эмнэлгийн ЦОЭТ-ийг байгуулах, цаашлаад манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хэмжээлшгүй их үүрэг гүйцэтгэсэн.
Төслийн хүрээнд манай анхны 11 мэргэжилтэн 6-15 сарын хугацаанд суралцаж бэлтгэгдсэн бөгөөд ЦОЭТ-ийн барилга байгууламж, ялангуяа циклотрон, цацрагийн идэвхт эмийн үйлдвэрийн урсгал, төлөвлөлт, технологийн зааварчилгааг газар дээр ирж мэргэжилтний түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа нь зорилтот бүлэгт хүрсэн маш үр дүнтэй төсөл болсонд талархаж байна.
2021 оны 8 сард ЦОЭТ албан ёсны нээлтээ хийснээс хойш 600 орчим ПЕТ-СТ шинжилгээг хийсэн багагүй амжилтаараа өнөөдрийг угтаж байна.
Цаашид КИРАМС болон УХТЭ-ийн хамтын ажиллагаа ЦОЭТ-өөр хязгаарлагдахгүйгээр хоёр эмнэлгийн хүрээнд улам өргөжин, эмнэлзүйн судалгаа шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний цар хүрээ тэлэгдэж, туршлага хуваалцах өрөн боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна” гэв.
КИРАМС-ын ерөнхийлөгч Жонг-Хоон Парк “ Манай байгууллага 10 гаруй жилийн турш Монголын томоохон эмнэлгүүдтэй цөмийн оношилгоо болон туяа эмчилгээний тасгуудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд бидний төслийн хүрээнд сургалтаар ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маш шаргуу хөдөлмөрлөж, сурч боловсорч байгааг хэлэхэд таатай байна.
Өнөөдөр хоёр орны хамтарсан эмнэлзүйн судалгааг эхлүүлэхийг зөвшөөрсөн УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган болон УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал нарт талархал илэрхийлье. Өнөөдрийн хамтын ажиллагааны хүрээнд анагаахын технологийн хөгжил болон бусад олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.
Бид анх удаа cyclotron сууриулсан цацраг идэвхт эмийн бодисыг өвчтөнд хэрэглэж эхлээд байна. УХТЭ ойрын хугацаанд сууриулж маш олон хавдартай өвчтөнүүдэд эерэг үр дүнд авчирна гэдэгт найдаж байна” гэв.
Дашрамд дурдахад, УХТЭ-ийн Цөмийн оношилгоо эмчилгээний төв нь хавдрын оношилгоонд чухал үүрэгтэй, хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлох чадамж бүхий Позитрон Эмиссион Томографи /ПЕТ-СТ/ төхөөрөмжийг эмчилгээнд ашиглахаар ажиллаж байгаа билээ.