Өнөөдөр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын өдөр.
2022/06/12
Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь:‼️
Сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн удаан хугацаагаар хүнд хүчир, биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцно.
Насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт:
• Гуйлга гуйлгах❌
• Кондуктор хийлгэх❌
• Хөдөлгөөнт худалдаа эрхлүүлэх❌
• Ачаа зөөлгөх❌
• Барилга дээр ажиллуулах❌
• Химийн хортой бодистой харьцах❌
• Газар доор ажиллах❌
• Мал нядалгааны газар ба арьс ширний газар❌
• Гэрийн үйлчлэгч❌
• Массажны үйлчилгээ❌
• Тайчих үзүүлбэр үзүүлэх❌
• Амьтан сургах❌
• Эмнэг сургах гэх мэт❌
Аюултай ажил:☢️
​Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд сөргөөр нөлөөлж байгаа эсвэл аюултай, эрүүл ахуйн таагүй нөхцөлд хийгдэж буй үйл ажлыг “аюултай ажил” гэж үздэг.
Аюултай ажил гэдэгт:
• Хүүхдийг бие мах бодь, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртүүлж болзошгүй ажил.
• Газрын гүнд, усан доор, хэт өндөр, эсвэл хэт давчуу орон зайд явагдах ажил.
• Аюултай машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах түүнийг гараар удирдах буюу хүнд ачаа бараа тээвэрлэх ажлууд.
• Аюултай химийн бодис хэрэгсэл, үйл ажиллагаа буюу эрүүл мэндэд хохирол учруулахуйц температур, дуу чимээний түвшин, чичрэлт доргилт зэрэг эрүүл бус орчинд ажиллах ажлууд.
• Уртасгасан цагаар, эсвэл шөнийн ээлжид ажиллах, ажил олгогчийн байранд тодорхой шалтгаангүйгээр байрлуулж ажиллуулах зэрэг багтана
Аюултай ажил нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд сөргөөр нөлөөлж байгаа эсвэл эдгээр ажлыг эрхлэхэд аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт сул, ажлын зохион байгуулалт оновчгүй байдаг тул гэмтэх, бэртэх, өвчин эмгэг тусах (магадгүй насанд хүрэх хүртэл мэдэгдэхгүй байж магадгүй) улмаар нас барах зэрэг үр дагаварт хүрнэ. Хүүхдийн бие мах бодь, сэтгэл санааны хөгжил гүйцэд төлөвшөөгүй, туршлагагүй байдаг тул насанд хүрэгчдээс илүү сөрөг үр дагавар учруулдаг байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд гэдэгт:⚠️
• Хүүхдийг худалдах, өрийн барьцаанд өгөх, боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, зэвсэгт мөргөлдөөнд дайчлах, хүчээр элсүүлэх зэрэг боолчлолын бүх хэлбэрүүд, түүнтэй төстэй практикууд;⚠️
• Хүүхдийг биеийг үнэлүүлэх, садар самуун агуулга бүхий материал үйлдвэрлэх, садар самууны үзвэр, үйлчилгээнд ашиглах, татан оролцуулах, уг ажлыг санал болгох⚠️
• Холбогдох олон улсын гэрээнд заасанчлан мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамнуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, эсвэл санал болгох⚠️
• Үйл ажиллагааны мөн чанар үр дагаврын хувьд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд хохирол учруулахуйц ажлууд орно.⚠️
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хүлээлгэх хариуцлага. Монгол Улсын Эрүүгийн хууль
2016 оны 9 сарын 1-с хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт заасан ажлыг хийлгэхээр хүүхдэд хүч хэрэглэсэн этгээдийг торгох, 1 жил хүртэлх хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлах (гэрийн хорио буюу олон улсад зорчихыг хориглох) мөн 1 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ.
Хүүхдээр гуйлга гуйлгах, биеийг нь үнэлүүлэх, хүүхдийг садар самуунд хүчээр оролцуулах, садар самуун агуулгатай зүйлийг бэлтгэх, худалдах, түгээх болон хадгалахад ашигласан тохиолдолд мөн 16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ. 13 дугаар зүйлд заасанчлан албадан хөдөлмөр эрхлүүлэх нь торгууль ноогдуулах буюу 8 жил хүртэлх хорих ялаар ял шийтгүүлнэ.
Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхэд хүлээлгэх хариуцлага:
Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хууль:
Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404