УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.05.26/ 10.00 цагт эхэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.05.26/ 10.00 цагт эхэллээ.
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав. УИХ-ын гишүүдийн 55.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Танилцуулгыг УИХын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Төсвийн хүрээний мэдэгдэл дөрвөн удаа өөрчлөгджээ. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг нь УИХ дагах ёсгүй. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувийн өсөлттэй гэсэн үзүүлэлттэй байна. Монголын эдийн засаг сүүлийн хоёр жил агшчээ. Энэ оны эхний улирлын эдийн засгийн дүн -3.8 хувьтай гарчээ. Инфляци 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж буй Шри-Ланка улсын дараа орох үзүүлэлт. Манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар давсан. Энэ нь Шри-Ланкаас дөрөв дахин их үзүүлэлт юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Ц.Туваан гишүүний асуултад хариулъя. Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тодотгол хийх үеэр дэлгэрэнгүй ярилцсан. Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин хөлс нэмнэ гэсэн. Яг чухам хэдэн хувиар яаж нэмэх вэ гэдгээ 2023 оны төсвөөр давхар оруулж ирнэ. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгосон. Үүнтэй уялдуулж өөрчлөлт орно. Тэтгэврийн хувьд энэ оны цагаан сарын өмнөхөн нэмсэн байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж байна. Тэр хуулийг хэлэлцээд, яригдах болов уу. Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой дурдагдаагүй. Инфляцийг найман хувьд барих талаар ярьж буй. Төсвийн байнгын хороонд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Дэлхий нийтээрээ энэ инфляцийн өсөлт дор хаяж гурван жил үргэлжилнэ. Тиймээс Монголбанк инфляцийг найман хувьд барих зорилт тавьж байгаа гэсэн боловч бодит байдалтай нийцэхгүй байгаа. Нэгэнт байгууллагууд нь найман хувьд барина гэж байгаа бол биелүүлж чадах эсэхийг нь харъя.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Иргэний илгээсэн асуултыг асууя. Нийт 33 тэрбум ам.долларын өрийн өдрийн хүү хэд вэ. Бидэнд гарц байгаа болов уу. Засгийн газрын өрөнд хоногт төлж буй хүү хэд вэ. Буцалтгүй тусламж авах тал дээр яаж ажиллах вэ. Ажилгүйдлийнхээ хувь хэмжээ ямар байна вэ?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Улсын гадаад өрийн хэмжээ бол 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлчээр дүгнэсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт нийтдээ 905 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг 365 хоног хуваахаар хоногийн 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын зэргийг хэвээр буюу B3 /тогтвортой/ гэж дүгнэсэн. Засгийн газрын хувьд өрийн менежментийг оновчтой хийж байна гэсэн үг. Одоогоор деполт болоогүй байна.
Ажлын хэсгээс асуултад хариулахдаа "Буцалтгүй тусламжийг 2022 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж байгаа. Дотроо зээл дагаж орж ирдэг хэлбэр бий. Өөрөөр хэлбэл, гадаад зээлийн хөнгөлтийн түвшинг бууруулж, Засгийн газрын зүгээс нийгмийн шинж чанартай хөнгөлөлттэй зээл авч ашиглахыг зорьдог" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Сум тэр дундаа багийн дарга нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бий юу?
УИХ-ын дарга Ч.Хүрэлбаатар:
-Ерөнхий сайд төсвийн тодотголтой холбоотойгоор үг хэлэхдээ төрийн албан хаагчдын цалингийн системд анхаарч байгаа. Эргэж харах зүйлс олон байна гэдгийг хэлсэн. Засгийн газар 2023 оны төсвийг өргөн мэдүүлэхдээ энэ асуудлыг цэгцлээд оруулж ирэх байх. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ажиллаж байгаа. Монгол Улсын өр 2016 онд 25 тэрбум ам.доллар байсан. Одоо 33 тэрбум ам.доллар. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил явж байлаа. Хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авч, үйл ажиллагаа явуулж байгааг буруутгах аргагүй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар 2023 онд ард түмний амьдралд өөрчлөлт гарахгүй юм байна. Ингэж гутранги төлөвлөж болох уу. Орж ирж буй боломжуудыг дандаа буруугаар ашиглаж ирлээ. Өр ярихаар Засгийн газрын 8.5 тэрбумын өр яриад бусад нь бидэнд хамаагүй гээд сууж байдаг. Нийт өрийн менежментийг яаж хийх вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд баталсан. Үүний биелэлт тэг байгаа шүү.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:
-2023 оны хувьд төсвийн бодлого талдаа тавьсан том зорилго бол далд эдийн засгийг бууруулахтай холбоотой багц арга хэмжээг авахаар тооцоолж байна. Сүүлийн дөрвөн жил тооцоолсноор ашигт малтмалын бүтээгдэхүүнээс татварыг бүрэн авах ажлыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтыг боловсронгуй болгоход шинэчлэл хийнэ. Мөн хөрөнгийн бүртгэл, үнэлгээтэй холбоотой багц хуулийг оруулж ирнэ. Эхнээсээ Газрын төлбөрийн тухай хуулийн өөрчлөлт өргөн барихад бэлэн болсон.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Том толгойтой агентлагийн дарга нартай яаж хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмээ баталсан. Өмнөх жилүүдэд гишүүд хуралдаа ирдэггүй, тасалдаг, хоцордог байсан бол энэ асуудал цэгцэрсэн. Хоцрогдол нэг цаг байдаг байсан бол долоон минут болсон. Энэ бол багагүй амжилт. Гэхдээ УИХ-д дархлагдсан хэсэг нөхөд бий. Би хуульд заасны дагуу мэдээлэл хийж, намын бүлгийн дарга нарт албан бичиг хүргүүлнэ.
Хуулийн төслийг батлах тухай эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.