ОУ-ЫН ӨСВӨРИЙН ХИЙЛЧДИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ ХҮҮХЭД АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ
2022/05/09

Чех улсын Усти над Орлици хотноо энэ сарын 4-7-ны өдрүүдэд болсон “Коцианы нэрэмжит” олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээний 11-12 насны ангилалд Монгол Улсын Консерваторын сурагч Анхбаярын Хулан тэргүүн байрыг эзлэв. 64 дэх удаагаа зохион байгуулагдаж буй эл тэмцээнд Монгол хүүхэд анх удаагаа түрүүллээ.

“Коцианы нэрэмжит” тэмцээнд оролцсон Б.Насанжаргал, Н.Гүнзээ нар тус тусын насны ангилалдаа 3 дугаар байранд шалгарч, У.Намуунбайгаль, М.Мөрөн-Рюки нар тусгай 1 дүгээр байр, Т.Пүрэвцэцэг, А.Анхзаяа,  нар тусгай 3 дугаар  байранд оров.

Элчин сайд Д.Гансүх шилдэг хүүхдүүдийн концертыг үзэж,  тэргүүн байр эзэлсэн А.Хуланд шагналыг нь гардуулжээ. 

Ярослав Коциан 1883 онд Усти над Орлици хотод төрсөн Чехийн хамгийн алдартай хийлч бөгөөд түүний нэрэмжит тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж иржээ. Энэ удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, Словени, Болгар, Франц, Австри, Польш, Япон, Серби, Литва, Итали, Норвеги зэрэг  орны хүүхдүүд оролцсон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404