Богд хан ууланд үндэсний жишиг парк байгуулах асуудлаар санал солилцлоо
2022/04/23

Олон улсын Байгаль хамгаалах /ICCF/ сангийн төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр болон ОУ-ын байгаль хамгаалах /ICCF/ сангийн Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Тодд Конингс нар 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр цахимаар уулзалт хийж, байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон билээ. Тэгвэл тус сангийн төлөөлөгчид өчигдөр /2022.04.22/ биечлэн Монгол Улсад айлчилж, Эх дэлхийн өдрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд талууд байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болсондоо талархаж байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааны хүрээнд дархан цаазат Богд хан ууланд үндэсний жишиг парк байгуулах асуудлаар санал солилцов.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр хэлэхдээ, “Олон улсын байгаль хамгаалах /ICCF/ сангийн төлөөлөгчид биечлэн ирж, Монгол Улсад айлчилж буй туйлын их баяртай байна гээд, хамтын ажиллагаа бодит ажил хэргээр эхэлж байгаад талархаж буйгаа илэрхийлье" гэв. Тэрбээр үргэлжлүүлэн бид Олон улсын байгаль хамгаалах сантай дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гээд, улсын хэмжээнд жишиг болохуйц цэцэрлэгт хүрээлэн, үндэсний парк болон дархан цаазат газрын хамгаалалтыг бий болгохоор зорьж байна. БОАЖЯ Зайсангийн бүс хэсэгт 1,8  га талбайг тусгай хэрэгцээнд авч, иргэдийн ая тухтай амрах цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна.

Уулзалтын төгсгөлд  Олон улсын байгаль хамгаалах /ICCF/ сангийн төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах ажлыг хэрэгжүүлэх нарийн шат дараатай төлөвлөлтийг хийж, эргэн уулзахаар тов тогтлоо. Харин Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр тус уулзалтад цахимаар оролцож, байгаль хамгаалах тэр дундаа дархан цаазат газрыг хамгаалах жишиг бий болгох чиглэлээр санаачилга гарган хэд хэдэн удаагийн уулзалтыг тус сантай өмнө хийж, өнөөдөр ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажил хэргийн бодит саналтай уулзалт хийж буйд талархал илэрхийлсэн юм.

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдугаар сарын 23-ний өдөр Олон улсын байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Баянмөнх,Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нарын албаны төлөөлөл оролцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404