Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авна
2022/04/13

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд орон нутагт ажиллажээ.

Энэ үеэр Дундговь аймгийн Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байна.

Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг юм.

Зүүн тийш харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагддаг аж. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Цагаан суваргаас зүүн тийш долоон километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш гурван хайлаас байдаг.

Тус аймгийн хувьд одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай дөрвөн газар байдаг бөгөөд нийт 391 мянган га талбайг эзэлдэг. Үүнээс 2012 онд Их газрын чулууг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан бол үлдсэн гурав нь байгалийн нөөц газрын ангилалтай аж.

Дундговь аймгийн ИТХ-ын 2019 оны 14 дүгээр тогтоолоор Дэл, Хөнжлийн уул, Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын улбааг уламжлан хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор нийт 336,490 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлжээ. Харин Соёлын яамнаас Цагаан суваргыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тухай саналыг БОАЖЯ-нд өгсөн байна.

Энэ онд салбарын яамнаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 12 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний нэг нь Цагаан суварга оржээ. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсэх болжээ.

Цагаан суваргад жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг. Харин 2020 онд 7,000 орчим, 2021 онд 15 мянга орчим дотоодын жуулчин иржээ. Өлзийт сумаас 85 км алслагдсан учраас хогийн савыг тогтмол цэвэрлэх боломж гардаггүй. Иймээс жуулчдад хог хаягдлаа авч явахыг сануулдаг байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404