Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэхгүй
2022/03/02

Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг цувралаар танилцуулж буй. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Газрын багц хуулийн төслийг хэлэлцэхээр оруулжээ. Газрын багц хуулийн төсөлд оруулсан гол өөрчлөлтүүдийг хүргэвэл.

"АГААР ДЭЭР" ТООСГО ӨМЧЛӨХ БАЙДЛЫГ ХАЛНА

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулжээ. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны газартай давхардуулан олгохыг хязгаарлахаар тусгажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ, өнөөдөр орон сууцанд амьдардаг 335 мянган иргэн "агаар дээр" тоосго өмчлөөд авчихсан, газрыг нь эзэмших эрхгүй болчихоод байна. Маргааш чи байшингаа аваад яв гэвэл яах вэ. Энэ төрлийн маргаан шүүхэд маш их болсон. Шүүх аль талд нь шийдвэр гаргахаа мэдэхээ больсон. Яагаад гэвэл байшингийн суурийг барьж байхад нь барьцаалж зээл олгосон банкийг хохироож болохгүй. Нөгөө талд нь 100 хувь төлбөрөө төлсөн иргэн хохироод байна. Хуваах боломжгүй. Тиймээс хууль тогтоогчид үүнийг засах хэрэгтэй гэж хэлсэн юм.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРЭЭР АВСАН ГАЗАРТ НИЙТИЙН ОРОН СУУЦ БАРЬЖ БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Төрийн өмчит компаниуд өөрийн эзэмшил газраа зарах хувийн зорилгоор ашиглуулах жишээ цөөнгүй. Төрийн эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын захирал, эрхлэгч зориулалтыг дур мэдэн өөрчилж ирсэн. Энэ газрын асуудлыг дагасан авлига өнгөрсөн 20-30 жилийн туршид байсаар ирсэн бөгөөд одоо үүнийг хуулиар зохицуулах цаг нь болсон гэж хууль санаачлагчид үзэж буй юм. Иймээс Газрын тухай багц хуулийн төсөлд төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог байдлыг хязгаарлахаар тусгажээ.

2020 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд орон сууцны зориулалттай ч барьж дуусаагүй 551 барилга үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 475, аймгуудад 76 нь байна. Үүнээс 123 барилга банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд.
 

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар "Судалгаагаар давхардаагүй тоогоор Улаанбаатар хот дахь төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсэд 97.7 га газар дээр нийтийн орон сууц барьсан байна гэдэг нь батлагдсан. 2018 оны 6 дугаар сард газрын үнэлгээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход дээрх 107 газруудын суурь үнэлгээ нь 94 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол дундаж үнэлгээ. Зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд хүрнэ. Их наяд гэдэг бол 400 сая ам.доллар шүү дээ. 400 сая ам.долларын үнэ бүхий газрыг төрийн өмчит компанийн дарга нар эзэмшиж байна гэсэн үг. Төрийн байгууллага газар үнэ төлбөргүй эзэмшдэг. Төрийн байгууллагын нэрээр үнэгүй газар аваад орон сууц барьж борлуулж байна. Энэ бол газрын мафи. Газрын хулгайг зогсооё гэвэл хууль батлах ёстой" гэж хэлсэн юм.

Түүнчлэн Төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарлана гэдэг заалтыг оруулж өгчээ.

БАРЬЖ ДУУСААГҮЙ БАРИЛГЫГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД БҮРТГЭХГҮЙ

2003 оноос хойш хэрэгжиж буй Бүртгэлийн хуулийн дагуу дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож болно гэсэн заалт бий. Барилгын компаниуд сууриа цутгаад түүнийгээ Үл хөдлөх газарт бүртгүүлж дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авдаг гэсэн үг. Улмаар үүнийгээ банканд барьцаалж, зээл авч эргэлтийн хөрөнгөө бий болгодог. Үүний улмаас захиалагч нар хохирох тохиолдол маш олон.

Улсын бүртгэлээс авсан мэдээллээр 2020 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд орон сууцны зориулалттай ч барьж дуусаагүй 551 барилга үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 475, аймгуудад 76 нь байна. Үүнээс 123 барилга банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа аж. Байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй хүмүүсийн ихэнх нь Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт байгаа гэсэн судалгаа гарчээ.

Судалгаагаар давхардаагүй тоогоор Улаанбаатар хот дахь төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсэд 97.7 га газар дээр нийтийн орон сууц барьсан байна гэдэг нь батлагдсан.
 

Тэгвэл Газрын багц хуульд барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилнө. Нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгоно гэх заалтыг оруулжээ.

Ийнхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно.

Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс бий болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404