Үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын баталгаатай эсэхийг шалгаарай
2022/01/19

Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд дөхөхөд иргэд үнэт эдлэл худалдан авах нь нэмэгддэг. Үнэт эдлэл авахдаа юуг анхаарах хэрэгтэй талаар Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын дарга, улсын байцаагч Д.Бэхбатаас тодрууллаа.

-Үнэт эдлэл гэдэгт ямар бараа, бүтээгдэхүүнийг хамруулах вэ?
-Үнэт эдлэл гэдэгт олон жилийн өмнө бүтээгдсэн эртний эдлэл, алт, мөнгө зэрэг үнэт металлаар хийсэн эдлэл, гоёл чимэглэл болон мана, маргад, бадмаараг зэрэг эрдэнийн чулууг багтаан үзэж болно. 

-Иргэд үнэт эдлэл худалдан авахдаа юуг анхаарах вэ? Үнэт эдлэлтэй холбоотой ямар стандарт мөрдөгдөж байна вэ? 
-Үнэт эдлэлтэй холбоотой стандарт бий. Тухайлбал, мөнгөн аяга тэргүүтэй үнэт эдлэлийг Стандарт хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын газрын лабораториор баталгаажуулдаг. Алт, мөнгөн эдлэлийн чанар байдлыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй учраас химийн шинжилгээ хийдэг.

Тухайн үнэт эдлэлийн хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн хувьд нь үнэт металл байгааг тодорхойлсныг сорьц гэдэг. Жишээ нь, 585 гэдэг сорьцтой мөнгөн аяганы 58 хувь нь мөнгө байна гэсэн үг. 

Дотоодод үйлдвэрлэсэн болон импортын бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдаалахын тулд заавал манай лабораторид шинжилгээ хийлгэж сорьцын баталгааны тэмдэг тавиулах ёстой. Тухайн бүтээгдэхүүнд хоёр тэмдэг байх ёстой. Нэг нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, хоёр дахь нь сорьцын баталгааны тэмдэг.

-Сорьцын баталгааны тэмдгийг хуулбарласан байх боломжтой юу?
-Техник, технологи хөгжсөн энэ үед хуулбарласан байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсад одоогоор алт мөнгөний дархан, үнэт эдлэл үйлдвэрлэгч 130 орчим аж ахуй нэгж бий. Жишээ нь зах, худалдааны төвд үнэт эдлэл гар дээрээс зарж байвал эргэлзээтэй.

-Жишээ нь мөнгөн аяганд сорьцын стандарт гэж бий юу?
-Сорьц хэд ч байж болно. Сорьцод заасан мөнгө эсвэл алтнаас бусад хольц нь зэс, цайр гэх мэт байж болно.

-Иргэд хуурамч бүтээгдэхүүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Иргэд худалдан авах газраасаа сорьцын баталгааны шинжилгээний бичгийг нь шаардаж үзэж болно. Аливаа барааг авахдаа үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг шалгаж эргээд гомдол, санал гаргахад хариуцсан эзэнтэй байгаа эсэхийг хянах хэрэгтэй.

Бид цаашдаа мэдээллийн сантай болохоор төлөвлөж байна. Хэрэглэгч уг сан руу ороод авах гэж буй бүтээгдэхүүн нь манайхаар баталгаажсан үгүйг шалгах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хуурамч бараа бүтээгдэхүүний тухай хаана мэдээлэх ёстой вэ?
-ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын газар болон Стандарт хэмжил зүйн газарт мэдэгдэж болно. Бид импортын барааг сорьцын шинжилгээнд бүрэн хамруулж чадахгүй байна. Хил дээр хяналтгүй бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирж байгаа тул хангалттай хяналт тавьж ажиллаж чадахгүй байна.

Хамгийн гол нь хэрэглэгч авах гэж буй зүйлийнхээ талаар мэдээлэлтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн аль болох гар дээрээс худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404