Оюу толгойн тогтоолыг эцэслэн баталлаа
2021/12/30

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа.

Тогтоолын төслийг эцэслэн баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж нийт 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Түр хороо байгуулагдсан цагаасаа 11 удаа хуралдсан бөгөөд Засгийн газарт нийт дөрвөн удаа чиглэл өгч ажилласан. Түр хороо “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийн нөхцөлүүдийг тохирох, эцэслэсэн хувилбаруудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан амжилттай хамтран ажилласан" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Оюу толгой ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээд нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй гэсэн заалт оруулсан байна. Гүний уурхай ашиглалтад ороход аж ахуйн нэгжүүд зээл авахад хаалттай болох нь гэж ойлгож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой компанид анхны хөрөнгө оруулалт хийсний дараа үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлээд явахаар заасан байдаг. Одоо гуравдагч этгээдийн тухай яривал 2051 он болно.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу үгүй юу. Анхны хэлцлээр 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. Рио Тинто "Оюу толгой"-н 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404