БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ УЭНДИ ШЕРМАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2021/07/24

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав. Уулзалтад Монголын талаас ЗХЖШын дарга дэслэгч генерал Д.Ганзориг,  БХЯны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ф.Лью болон албаны бусад хүмүүс оролцов.  

Сайд Г.Сайханбаяр Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөрш АНУ-тай батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, бүс нутаг, дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилго, хүчин чармайлтын талаар танилцуулж, АНУ-ын Төрийн департаментаас дэмжин ажиллахыг хүслээ. 

Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай У.Шерман Монгол Улсын Засгийн газар мэргэжлийн ур чадвар, эр зоригоороо гайхагддаг цэрэг эрсээ дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт илгээж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Америк орон болон АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархав. Түүнчлэн Монгол цэргүүдийн НҮБ, дэлхий дахины тогтвортой байдлыг хангахад нэгдэх үйлс, хүчин чармайлтад аль болох хэрэгцээтэй цагт нь дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.

Хатагтай У.Шерман Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404