Монгол Контент ХХК үндэсний дүрийг бий болгох, хүүхдийн контентийн сул орон зайг нөхөх, хүүхдийн боловсрол, төлөвшилд хувь нэмэр оруулах зорилготой “Маамуу” төслийг эхлүүлээд зургаан жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тус компанийн уран бүтээлчид "Маамуу" 2D анимэйшн хүүхэлдэйн киноны 16 анги, хүүхдийн нэвтрүүлгийн 200 гаруй дугаарыг толилуулсан байна. Удахгүй "Маамуу" хүүхэлдэйн кино, Аами Таамигийн хөгжилтэй, адал явдал 3D анимэйшн хэлбэрээр дахин үргэлжлэх юм. Шинэхэн Маамуугаа "өлгийдөхөөр" завгүй ажиллаж буй Монгол Контент ХХК-ийн аниматор, зураач нартай ажил мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.
ХҮҮХДҮҮДДЭЭ ИТГЭЛТЭЙГЭЭР ҮЗҮҮЛЭХ ЦЭВЭР АГААР ШИГ КОНТЕНТ БОЛ "МААМУУ"
"Маамуу" хэлтсийн ахлах аниматор Л.Ганболд:
-Бид "Маамуу" хүүхэлдэйн киноны 3D шинэ цувралын эхний ангиа ирэх есдүгээр сард үзэгчдэдээ хүргэхээр төвлөрөн ажиллаж байна. Манай баг өмнө нь 2D буюу хоёр хэмжээст уламжлалт анимэйшн төрлөөр "Маамуу" хүүхэлдэйн киноны 16 ангийг хийж гүйцэтгэсэн. 2D буюу хоёр хэмжээст дээр ажиллаж байсан кино багийнханд гурван хэмжээст /3D/ рүү шилжихэд маш том шалгуур болж байна. Хоёр хэмжээст дээр гүн гэдэг хэмжээ нэмэгдэхээр 3D гэж нэрлэдэг. Энэ хэмжээ нэмэгдсэнээр бид заавал цаасан дээр зуралгүй, дижитал технологийг ашиглаад бодит мэт харагдах биетийг бүтээх боломж бүрдсэн. Энгийнээр хэлбэл бид "Маамуу" цувралаа илүү сонирхолтой, бодитой, хараа булаасан хийц рүү шилжүүлж байна.
Бидний уран бүтээл хүүхдүүдэд цэвэр агаар шиг агуулга мэдрүүлэх ёстой. Тиймээс хүүхдэд зөв төлөвшил олгох агуулгыг их удаан бодож олдог. Цэцэрлэгийн багш нартай уулзана, хүүхдийн сэтгэлзүйг судална, зан төлөв, сэтгэл хөдлөлийг ажиглана. Үүний дараа киноныхоо агуулгыг гаргадаг. Юу буруу, юу зөв байх вэ гэдэг дээр бид маш их бодно. Асуудлыг нь хэтрүүлчихвэл хүүхэд айна, багадуулчихвал сонирхохгүй шүү дээ. Тэд цэв цэвэрхэн цаас шиг цоо шинэхэн хүмүүс. Дэлхий дээр олон янзын контентууд бий. Энэ олон контентоос хүүхэд юуг үзэх, эцэг эхчүүд алийг сонгох вэ гээд агуулгад нь эргэлздэг. Зарим хүүхэлдэйн кинон дээр нэгнийгээ зодох, уйлуулах зэрэг зөрчилдөөн харуулдаг. Харин Аами, Таами хоёрын хамгийн дээд асуудал хуруугаа зүсэх, өвдгөө шалбалах.
Миний хувьд атгаг санаа, муу зан суртахуун огт агуулаагүй цэвэр агаар шиг контент үйлдвэрлэж байгаагаараа маш их бахархдаг. Тийм болохоор эцэг эхчүүд "Маамуу"-г хүүхдүүддээ итгэлтэйгээр үзүүлж чаддаг болов уу гэж итгэж байна. Энэ ташрамд “Маамуу” брэндийн ном, тоглоомын борлуулалтаас олсон орлого энэхүү цувралыг бүтээхэд жинтэй хувь нэмэр оруулдаг тул эцэг эхчүүд та бүхний худалдан авалт бүрт бид бяцхан багачуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
Би 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжил эзэмшиж төгссөн. Хүүхдийн "Чингис хаан" комик цувралаар ажлын гараагаа эхэлж байлаа.
Би хоёр хэмжээст хүүхэлдэйн кино хийхийг мөрөөдөж 15 жил судалсан. Монгол Контент ХХК-д орж ажилласнаар Монголын анхны цуврал анимейшн төрлийн хүүхэлдэйн киног бүтээлцсэндээ баяртай явдаг. "Маамуу" төсөлд ажиллаад зургаан жил болжээ. Энэ төслийн ард зохиолч, хөгжимчин, жүжигчин, аниматор, продюсер гээд нийт 20-30 орчим хүн ажилладаг.
Аниматор хүн зургийн өндөр суурьтай, уран бүтээлч сэтгэлгээтэй, орон зайн тэнцвэр, эзлэхүүний мэдрэмж өндөр хөгжсөн байх ёстой. Учир нь бодит биш дүрийг оюун ухаанаараа удирдаж, мэдэрч жүжиглүүлдэг хүмүүс бол аниматорууд. Дижитал, зурмал дүртэй ихэвчлэн харилцдаг тул хийсвэр, бодит бус зүйлийг мэдрэмж, төсөөллөөрөө амилуулдаг хүмүүс.
-ОРЧНЫГ ЗОХИОМЛООР БҮТЭЭЖ ҮЗЭГЧДЭД ҮНЭМШҮҮЛДЭГ-
Маамуу хэлтсийн Background artist А.Билэгжаргал:
-Би 2015 оноос хойш "Монгол контент" ХХК-д зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх ажилд ороод "Ногун" комик цувралын 5-10 дугаар бүлэгт ажиллаж байлаа. Удалгүй "Маамуу" төсөл эхэлж, 16 цувралд Background Artist-аар ажилласан.
Одоогоор "Маамуу" хүүхэлдэйн киноны 3D анги дээр төвлөрөн ажиллаж цувралын бүх орчныг зурж байна. Background artist юу хийдэг вэ гэвэл "Аами хөөрхөн байшинтай болжээ" гэхэд тэр байшингийн дизайн, доторх тавилга ямар байхыг зурдаг. Өөрөөр хэлбэл бүх орчныг зохиомлоор бүтээж үзэгчдэд үнэмшүүлэх ажлыг хийдэг.
Аливаа дижитал контентийн ард асар том баг ажилладаг. Би хэлстийнхээ хамгийн залуу нь, манай хамт олон маш дулаахан хүмүүс байдаг.Дижитал контентийн давуу тал "Ковид-19" халдварын үед ялгарч гарлаа. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед манай баг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ЕБС, СӨБ-ын теле хичээлийн агуулгыг сурагчдад илүү сонирхолтой, хүүхдийн оролцоог дэмжсэн интерактив байдлаар хүргэх “Цахим аялал” нэртэй 104 жишиг контент боловсруулсан. Би багаасаа цуврал хүүхэлдэйн кино хийхийг мөрөөддөг байлаа. Үүнийг яаж хийдэг бол, том болоод ийм мэргэжилтэй болох юм сан гэж их боддог байв. "Маамуу" 16 ангит цуврал анимейшинд ажиллаж, мөрөөдлөө биелүүлж чадсан.
-КОМИК БОЛ ЗУРГАН КИНО-
Маамуу хэлтсийн зураач Б.Хүрлээ:
-"Маамуу" цувралын маань шинэ анги гарах гээд дуншаад л байна. Энэ удаагийн цуврал 3D гэдгээрээ онцлогтой. Би комик номын зураачаар 20 жил ажиллаж 100 гаруй комик хийсэн.
Комик зураг бол поз. Хамгийн зөв позыг комик зураачид гаргадаг. Жишээ нь Ногун гүйх гээд бэлдэхдээ нэг поз авна. Энэ поз жинхэнэ хүний зөв поз байдаг. Аниматорууд эндээс дараагийн хөдөлгөөнөө зурдаг. Тэгэхээр комик бол багийн ажиллагаа. Сагс, хөлбөмбөгийн багт нэг нь муу тогловол тэр баг амжилт олдоггүй. Үүн шиг комик багийн нэг нь л гүйцэтгэл тааруу байвал бусдыгаа татчихдаг.Манай багт Монголд хамгийн удаан комик зурж байгаа залуучууд бий. Тиймээс ур чадварын хувьд хэнтэй ч зүйрлэшгүй. Манай багийнханд ур чадвар, туршлага, энэ ажлыг хийх маш их сэтгэл, зүтгэл байна. Хамгийн чухал нь хамтарч ажиллах чадвар бий.
Бидний хувьд аливаа уран бүтээлийн анхны санаа их чухал. Хүмүүс санаагаа Монгол ардын үлгэрээс, хэн нэгний зохиолоос, жижигхэн өгүүллээс авсан байдаг. Бидний гол зарчим урьд өмнө нь хэний ч хийгээгүй шинэ, содон санаагаар уран бүтээл туурвих. Тиймээс ч бидний утга санаа, агуулга хаана ч давтагддаггүй. Комикийн зураач нар дүрийг бүх талаас нь зурж чаддаг байх шаардлагатай.
Араас нь зурсан ч тэр дүрийг хүн таньж байх ёстой. Тиймээс маш сайн зураач байх хэрэгтэй. Хоёрдугаарт зохиолч байх ёстой. Зохиолоо маш сайн бичиж чаддаг байх хэрэгтэй. Мөн найруулагч оператор, маш сайн хамтрагч, гүйцэтгэгч, төлөвлөгч байх гээд маш олон чадварыг шаарддаг. Яагаад гэвэл комик бол зурган кино. Би "Ногун" цувралын 20 бүлэгт ажилласан. Үүний дараагийн цувралын санаа яригдаж байгаа. Миний холын мөрөөдөл Ногун комикийг 3D анимейшн бүтээл болгох. Гэхдээ хийсвэр дүр олонтой учраас энэ маш хэцүү.
"МААМУУ" ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ 1-16 ДУГААР АНГИЙГ ЭНД-ЭЭС ҮЗЭЭРЭЙ
"Маамуу" төслийнхөн цувралаас гадна бүтээлч ном, буддаг ном, дасгалын ном, флипбүүк зэрэг хүүхдийг анхаарлаа төвлөрүүлж сурах, тэвчээртэй сууж сурах, нямбай байх зэрэг хөгжилд чухал дэмжлэг болох бүтээгдэхүүнүүдийг цуврал болгон гаргадаг.Хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан эдгээр бүтээгдэхүүнийг тун удахгүй хямдралтай худалдаалах тул Номин, И-Март, Интерном, Азхурын өөрт ойрхон салбаруудаас мөн Шоппи онлайн дэлгүүрээс хүргэлтээр авч бяцхан үрсдээ бэлэглээрэй.
gogo.mn