Энхболдын Мөнхшүр төгөлдөр хуурч мэргэжлээр АНУ-ын Аризона их сургуульд докторын зэрэг хамгаалсан нь эх орондоо анхдагч болжээ. Бага байхдаа авьяасгүй хэмээн хэлүүлж, урам хугалах олон үг сонсож байсан ч тэр шантраагүй аж. Аавынхаа гараас атган анх төгөлдөр хууртай танилцаж байсан тэрээр сонгосон мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалж, алдарт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлээр докторын судалгааны ажлаа хийжээ.
Урлагийн хүн хэдий ч бизнесийн салбарт хөл тавьж, гарааны бизнесийн чиглэлээр төслийн багаа удирдан Эллэр менежментийн сургуулийг дүүргэжээ. Мөн гарааны бизнесийн чиглэлээр Харвардын их сургууль, дижитал маркетингийн чиглэлээр "Google" компанийн сургалтад хамрагджээ. Өдрийн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж, үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг, шинийг бүтээхийг хүсдэг түүний ертөнцөд хэсэг хором саатан ярилцсаныг хүргэж байна.
-Та тасралтгүй суралцсан цаг хугацааг өнгөрөөжээ. Бидэнтэй төгөлдөр хуурч мэргэжлээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан талаараа хуваалцаач?
-Би АНУ-ын Аризона их сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан. Нүүдэлчин сэтгэлгээгээрээ АНУ-ын дөрвөн мужид хөгжмийн их сургууль болон консерваторуудад тэтгэлэгтэй суралцан олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн тэргүүн байрт шалгарч байсан. Олон уралдаанд өөрийгөө сорин амжилт үзүүлж, эх орныхоо төрийн далбааг намируулж байсан. Мэргэжлээрээ суралцахын сацуу АНУ-д амьдралын хичээлд ч мөн суусан гэж өөрийгөө дүгнэдэг. Би Монголынхоо соёл, уламжлалыг илэрхийлэгч Б.Шарав гуайн бүтээлүүдэд судалгаа хийн докторын зэргээ 2020 онд буюу цар тахлын тархалт ихэссэн үед хамгаалсан. Судалгааны ажлаа хийхдээ судалгааны байгууллагаас санхүүжилт авах завшаан тохиосон нь надад их дэм болсон.
-Судалгааны ажлын сэдвээ хэрхэн сонгосон бэ?
-Хойд Америк болон англи хэлээр ярьдаг орнуудад Монголын хөгжмийн зохиолчдын талаарх ойлголт тун бага байдаг. Тэдэнд Монголын уран бүтээлчдийг таниулан, сурталчлахыг хүссэн. Манай зөвлөгч багш нар Францын хөгжмийн зохиолчдоос сонгохыг санал болгож байсан. Гэхдээ монгол хүний бардам зан маань дийлээд заавал монгол уран бүтээлч сонгоно хэмээн сэдвээ сонгож байсан. АНУ-ын Монгол судлалын төв, Америкийн Хилийн чанад дахь судалгааны төвүүдийн зөвлөл болон АНУ-ын Боловсролын яамнаас миний судалгааны ажлыг санхүүжүүлсэн. Би санхүүжилт авах төслөө бичиж, танилцуулснаар амжилттай болсон юм. Энэхүү судалгааны санхүүжилт хүртсэндээ маш их баяртай байдаг.
-Өнөөдрийг хүртэл мэргэжилдээ үнэнч байж, шат ахин суралцах хүсэл тэмүүллийг та хаанаас олж авсан гэж боддог вэ?
-Энэ миний зөрүүд зантай холбоотой. /Инээв/ Намайг Монголд сурч байхад багш нар маань “Чи чадахгүй, чамд авьяас алга” гэж хэлж байсан удаатай. Гэсэн хэдий ч би сэтгэлээр унаж суухын оронд чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй хэмээн дотроо бодож байсан. Өнөөдрийг хүртэл бүх зүйл амархан байгаагүй. Хүнд, хэцүү зүйлсийг давсаар өдийг хүрсэн. Зөрүүд зан сайн ба муу талтай.Гэр бүлийнхэн дунд маань хөгжмийн боловсролтой хүн байгаагүй. Зүгээр л сонирхон сонсдог. Аав маань сонгодог хөгжмийн мэдрэмжтэй хүн байсан. Аав маань намайг дөрвөн настайд минь төгөлдөр хуурын багшид шавь оруулж, мэргэжил сонгоход нөлөөлсөн.
-Бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар Та хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаардаг бол?
-Би эрүүл мэнд, цаг төлөвлөлт, стрессийг хянах чадвар зэрэгт анхаарлаа их хандуулдаг. Миний цагийн хуваарь маш давчуу бөгөөд олон зүйлийг багтаасан байдаг. Жишээлбэл би төгөлдөр хуураа зургаан цаг давтах цагаа хэсэгчлэн хуваана. Дасгал хийх, мацаг барих, ном унших, бясалгал хийх зэрэг олон зүйлийг хослуулж хувийн амьдралаа жолооддог.
АНУ-Д ТАТВАР ТӨЛӨГЧ, ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ УЧРААС БҮХ ЗҮЙЛЭЭ ӨӨРӨӨ ГАРДАЖ ХИЙДЭГ
-Та гарааны бизнес хөгжүүлэгч чиглэлээр мэргэжлийн зэрэг дээшлүүлсэн. Энэ талаар манай уншигчидтай хуваалцаач. Одоо ямар бизнес эрхэлдэг вэ?
-Миний гарааны бизнесийн төсөл маань VR буюу виртуал реалитигаар тоглоом хөгжүүлэн үүгээрээ дамжуулан хөгжмийн боловсролыг түгээх явдал юм. Үүнд хаптик технологи ашиглан хэрэглэгчдэд үр дүнтэй, сонирхолтой байх бүтээгдэхүүнийг АНУ-д гаргах бизнес төсөл бий. Энэ бизнес төсөл дээрээ санхүүжилт хайж байгаа.