УИХ У.ХҮРЭЛСҮХИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАТАЛЛАА
2021/06/12

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас бусад гишүүд бүгд дэмжсэн юм.

Мөн У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:40 цагт тангараг өргүүлэхээр тогтсон төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын 61 гишүүнээс 47 нь зөвшөөрч 77 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны зургадугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол санал бичгээр гаргасан бол цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэнэ. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана гэж заасан нь Үндсэн хуулийн тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, санал хураалтад 61 гишүүн оролцож 31 гишүүн дэмжиж, 59 хувиар санал дэмжигдсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404