Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монголын эзэнт гүрний үед хамаарах нэгэн эмээл хадгалагдаж байна.
Энэхүү эмээлийн урд бүүрэг нь босоо, ар бүүрэг нь цалгар уужим, өргөн суудалтай болсон нь монголчууд аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болжээ.
XIII-XVII зуун хүртэл морин дээрээ босоо явж дэлхийг эрхшээсэн нүүдэлчдийн төр улсыг байгуулж асан монголчуудын түүхийг морьгүйгээр, морийг морины тоног хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Монгол морины нэгэн тоног хэрэгсэл нь эмээл юм. Эмээл нь эртнээс эдүгээг хүртэлх хэдэн мянган жилийн хугацаанд өөрийн хэв маягаа олохын тулд хувьсан өөрчлөгдөж иржээ.
Монголын эзэнт гүрний үеийн морины тоног хэрэгслийн байдлыг тухайн үед зурж, бүтээн эдүгээ бидний үед уламжлан ирсэн ханын зураг, номын чимэглэл зураг, зураачдын зураг, уран баримал зэргээс харж болох юм. Тухайлбал, Турк улсын Истанбул хотын Топкапи музейн зураг, Монголын Үн (Юан) улсын үеийн язгууртнуудын зурагнаас харж болох ба эдгээр нь тэр үеийн монголчуудын морины тоног хэрэгсэл, эмээлийн талаар тодорхой мэдээллийг өгөх юм.