АН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй хэмээн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр "Бид шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ шударга ёс ард түмний нүдэн дээр энэ танхимд устаж үгүй болох муухай жишгийг та бүхэн тогтоох гэж байна. Хуул тогтоох бүрэн эрхээ буруугаар ашиглаж, хэт олонх байгаадаа аархаж, хуулийг гажуудуулж байгаад харамсаж байна. Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл татан оруулж байгаа нь энд өнөөдрийн энд хэлэлцэгдэж байгаа үйл явдлуудаар гэрчлэгдэж байна.
Энэ мэт олон үйлдэлдээ Монгол төрийн нэрийг олон улсад шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр дамжуулж гүйцэтгэж байгааг ард түмэн харж, сонсож байна. Үндсэн хуулийн цэцийн нэр төрийг олон улсад унагасан Д.Одбаяр гэдэг этгээдийн тухай бид мэднэ. 2019 онд БНСУ-д зорчиж байхдаа эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус улсад саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль хүлээгээд ирсэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу. АН-ын бүлгийн гишүүд дөрөвдүгээр сарын 8-нд Д.Одбаярыг эргүүлэн татах үндэслэлийг УИХ-ын даргад өргөн барьсан ч одоог хүртэл хариу өгөөгүй" гэв.