Л.Бадамцэцэг: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ 20 мянга орчим гэр бүлд хүрч ажилласан
2020/03/26

Өнгөрсөн жилээс хотын гудамжаар “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” гэсэн өнгө будаг алаглаж, хүүхэд, томчуудын анхаарлыг татсан зураг бүхий автобус хорооноос хороо, байгууллагаас байгууллага, зогсоолоос зогсоолын хооронд явах болсон. Уншигч та анзаарсан бол тэрхүү автобуснаас хүүхдийн инээд цалгиж, томчууд нь ухаарлын харцтай, жаргалтай инээмсэглэлээр дүүрэн бууж ирдэг байсан. Байсан гэдэг нь Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” түр хугацаанд зогсоод байгаа юм. Иргэдийн талархлыг хүлээсэн энэ ажлын талаар тус байгууллагын Ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ гэсэн хаягтай автобус үйл ажиллагаа явуулж байгаа нь харагддаг байсан. Харин сүүлийн үед үзэгдсэнгүй. Хөл хориотой холбоотойгоор зогсчхов уу. Үр дүнгийн хувьд ямар байсан бэ?

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрхэлсэн асуудлын хүрээнд Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээдэг. Энэхүү зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-г зохион байгуулж байна. Энэхүү үйлчилгээг 2019 есдүгээр сараас эхлүүлсэн. Хугацааны хувьд 2020 оны  хоёрдугаар сард түр завсарласан ч, цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллана.

Анх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хотын дүүргүүдээр автобусаар явж уриалж, ажиллуулж эхэлсэн шүү дээ. Иргэд их таатай хүлээж авсан. Манай агентлаг “Хөөрхөн зүрх” ТББ-тай гэрээлж ажилласан. Тэд маш их санаачилгатай. Иргэдийн харж байсан таны хэлээд байгаа “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” гэсэн хаяг бүхий автобус маань 45 хүний суудалтай. Түүнийхээ 20 суудлыг аваад, автобусныхаа нэг хэсэгт хүүхдийн хэрэгцээтэй бүхэн цөм бүрэн орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Үндсэндээ бид хаана ч хамаагүй, сонгосон дүүрэг хороо, сургууль цэцэрлэгийн ойролцоо очоод зогсоход иргэд ихээр үйлчлүүлдэг. Тэдний дунд гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, өвөө, эмээ нар их байдаг. Тиймээс биднийг зорьж ирсэн хүмүүс сэтгэл зүй, эрх зүй, сурган хүмүүжүүлэх зөвөлгөө, мэдээлэл авч байхад, хүүхэд, ач, зээ нь хүүхдэд зориулан зассан хэсэгт маань тоглох, сэтгэл зүйч, хүүхдийн ажилтантай ярилцаж байдаг.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ 6 сарын хугацаанд 76548 хүүхэд, 19125 гэр бүлд хүрч ажилласны дээр нийслэлийн 171 хорооны хамтарсан багийн 82-т хүрч, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нийтдээ төрийн албаны 492 мэргэжилтнийг ажлын байран дээр нь чадавхжуулах сургалт зохион байгуулах, хүүхэд хамгааллын кейс шийдвэрлэх хариу үйлчилгээнд зөвлөн туслах, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хамтран зохион байгууллаа. Өнөөдөр нийтийн цахим сүлжээ, хэвлэлийн хэрэгсэлээр олон нийт мэдээлэл авдаг болсон цаг үеийг тооцож, 567973 хүнд мэдээллээ хүргэж, ажилласан байдаг. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа төрийн болон хувийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 10%-д,  цэцэрлэгийн  7%-д хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ хүрч очин, 67.868 хүүхдэд насны онцлогт тохирсон байдлаар урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан.

- Олон нийт хүүхэд хамгаалал гэхээр шууд хүчирхийлэл гээд ойлгочихдог. Үүнийгээ заавал хэн нэгэнд зодуулах эсвэл бэлгийн дарамт гэх байдлаар хүлээж аваад байх шиг байдаг. Гэтэл хүүхэд хамгаалал гэдэг нь өөрөө өргөн хүрээний агуулгатай болчихсон байна л даа. Жишээлбэл, эрсдэлт орчныг илрүүлэх, түүнийг засах гэх мэт?

-Хүний наад захын хэрэгцээ бол өөрийгөө хамгаалах. Эцэг, эхчүүд хоорондоо маргалдаж, үр хүүхдийнхээ өмнө нэг нэгнийгээ ялан дийлэхийг хичээдэг. Харин энэ үед хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна. Бага насны хүүхэд бол байнгын хөдөлгөөнтэй учраас хараа хяналт маш их шаарддаг. Хараа хяналтгүйн улмаас осол гэмтэлд өртөх нь их. Хүүхэд хэнээр хамгаалуулах ёстой вэ гэвэл хамгийн эхлээд эцэг, эхээр хамгаалуулах ёстой. Бид хүүхдээ хамгаалах ёстой эцэг, эхчүүд хаана байгаа гэдгийг судалсан. Мэдээж албан байгууллага дээрээ ажиллаж байна. Хэдийгээр эцэг эхчүүд 24 цагийн турш хүүхдийг хараа хяналттай балгаж чадахгүй ч тодорхой хугацааг зарцуулах хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүдийн ажлын цагийг байгууллагууд багасгах шаардлагатай байгааг тэдэнд хэлж, зөвлөж байна. Мөн цалинтай чөлөө өгөх шаардлагатай. Ингэснээр хүүхэд хамгаалал буюу хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх алхам болж чадна.

Бид зургаан сарын хугацаанд “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний үйл ажиллагаа зохион байгуулах явцдаа орчны эрсдэлтэй 186 цэгийг тогтоож, ажилласан. Орчны эрсдэлтэй газар гэдэг нь газар шорооны ажил хийгээд нүхээ буцаан булаагүй, барьж байгаа барилгын хажуугаар явах, дээрээс юм унах эрсдэл үүссэн, мөн цахилгааны утсанд хүрч бэртэх зэрэг эрсдэл байна. Энэ талаар хүүхэд хамгааллын ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдсан. Эцэг, эхчүүд маань үүнийг анзааралгүй орхичихсон байдаг. Хүн хэлэхээс наашгүй гэдэгтэй адил бид зааварчилгаа, зөвлөгөө өгөхөд “Нээрээ тийм байна шүү” гэх нь элбэг байдаг.

Та түрүүнд хүчирхийллийн тухай асуусан. Гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг эцэг эх маш их байна. Энэ нь зөвхөн архинаас хамааралтай асуудал биш. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь бусдыгаа ямар ч аргаар хамаагүй өөрийн эрхшээлд байлгах гэсэн үзэл бодлоос үүдэлтэй эрх мэдлийн тэнцвэр харилцааг гэр бүлдээ бий болгодог. Эцэг эхчүүд ажилгүй байх, амьдралаа авч явахад эдийн засгийн болон бусад хүндрэл бэрхшээл гарч ирж байгааг үгүйсгэх аргагүй. Энэ нь гэр бүлд стресс бухимдлыг бий болгож, стрессээ хэрхэн тайлах арга замаа мэдэхгүй, нийгмийн үйлчилгээ ойрхон байхгүйгээс архидаж, ухаанаа алдаж, орчноо мэдрэхгүй болтлоо эрүүл ухаанаа алдах явдал гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл ч ялгаагүй, хүүхэд сахилгагүйтэх, буруу үйлдэл хийх, алдаа гаргах зэрэгт эцэг эх, асран хамгаалагч нь юу нь болохгүйг хэлж өгөхөөсөө өмнө, гар хүрч, үйлдлийг зогсоож, өөрийнхөөрөө байлгахыг оролддог үзэл хандлагаас эхтэй. Хүүхдээ зодохыг хүмүүжүүлж байна гэж боддог. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн сайн хүн болгох вэ гэдэгт зөвлөх нийгмийн хэрэгцээ шаардлага гарч байна. Гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээ айлын гэрийн гадаа очвол, дэлгүүрээс талх авдаг шиг стресс бухимдлаа мэргэжлийн зөвлөгчийн тусламжтай тайлж болох боломжтой болно. Иймээс энэ төрлийн үйлчилгээ заавал нэг том албан тасалгаа зайчлаад явуулах албангүй, хөдөлгөөнт хэрлбэрээр, их хотын уулын энгэрт ч, хотын төвийн ганган чамин хотхонд ч, захын гэр хороололд хүрч ажиллах шаардлагатай байна. Явуулын үйлчилгээг үгүй ядахдаа аймаг, дүүрэг бүрт 1-2 автобусаар үзүүлбэл үр дүнтэй, иргэн төвтэй үйлчилгээ болж чадна гэж ирээдүйг төсөөлж байна.  Залуу эцэг, эхчүүдтэй уулзаж, ярилцаж, зөвлөгөө өгч ажилласан. Хүмүүст ч явуулын үйлчилгээгээрээ дамжуулаад зөвлөгөө өгөхөд тун таатай хүлээн авч, хандаж байсан шүү. Бүр ганцаараа бус ойр, тойрныхоо хүмүүсийг ч дагуулаад ирдэг. Бид салбарынхаа хуулиар хүлээсэн үүргийн дагуу чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж, зөвлөгөө, мэдээллийг өгсөөр байгаа.

-Явуулын үйлчилгээгээр ажиллаж, амьдарч буй орчинд нь хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг өгөхөд иргэд таатай хүлээж авч байна гэж ойлгож болох нь ээ? Эцэг эхчүүдэд юу зөвлөх вэ?

-Тийм ээ, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нь хагарвал наадаг, халтартвал арчиж зүлгээд өнгө оруулдаг эд материал биш, бас уучлал гуйгаад эргээд хэвийн харилцаанд ордог ч асуудал биш, нэгэнт болоод өнгөрсөн бол гомдол, бухимдал, үзэн ядалт, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулах гэх мэт хохирлоор дуусдаг, гэхдээ гинжин холбоонд давтагдан, эргэлдэж байдаг нийгмийн сөрөг үзэгдэл юм. Гэр бүлд зөрчил маргаан гарах нь хэвийн үзэгдэл, харин нэгэндээ гар хүрч, элдэв үгээр хэлж байж шийдвэрлэнэ гэж байхгүй, ойлголцол, итгэлцэл, хүндлэл дээр гэр бүл оршин тогтдог. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Заавал чи ингэх ёстой, тэгэх хэрэгтэй гэж, өөрийнхөө хүсснээр хүүхдээ зааж зааварлахаас илүү буруу үйлдлийг зөв байлгахад өөрөө биеэрээ үлгэрлэж, эелдэг дотно харилцах, зааж чиглүүлэх хэрэгтэйг зөвлөе. Мөн тухайн хүүхдийн хүрээлэл ч чухал. Найз нөхөд, хамт олон, байрных нь хүүхдүүд гээд нийлдэг хүүхдүүдтэй эвтэй найртай, харилцан ойлголцдог, хамтдаа тоглож хөдөлмөрлөдөг, суралцдаг байхад томчууд чиглүүлж өгмөөр байна.  Хүүхдийнхээ сонгосон найз нөхдөд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Дараагийн нэг чухал асуудал нь ахуйн хүрээний архидалтаас татгалзах. Хүүхэддээ анхаарал тавь, бас өөрийн зан үйл, хэвшил зуршилдаа хяналт тавих хэрэгтэй. Гэр бүлийн хүрээний хамаатан садан, найз нөхөд уулзах, хамтдаа баяр тэмдэглэх, салхинд гарах зэрэг зөндөө л нөхөрлөл байдаг. Энэ бүгдэд хүүхдүүд чинь хажууд чинь байгаа бол архи бүү хэрэглээрэй, энэ үед томчууд нийлээд 5 гар муушигдах ч юм уу, тоглоомонд хамгаг анхаарлаа хандуулж, хүүхдээ анхаарахгүй байснаас бага насны хүүхэд усанд эндэх, модонд даруулах, нохойд уруулах, шувуу хөөгөөд төөрөх зэрэг харамсалтай хэргүүд гарч байсныг бид мартаж болохгүй. Та ямар үлгэр дуурайл үзүүлнэ, сайн, муу аль алиныг хүүхэд дуурайна.

-Шууд хуулийн заалт, гаргалгаагаар бус амьдралын нөхцөл байдалд тулгуурлан зөвлөгөө мэдээлэл өгдөг байх нь?  

-Манай хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний багийнхан бүгд мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эрх зүйчид. Бидний анзаарснаар нийгэмд чиглэсэн мэдээллийн, ялангуяа сошиал медиад тулгуурлаж уриалга гаргах нь үр дүнтэй байсан. Гэр бүлийн хүн хүчирхийлэл үйлдсэн л бол хуулиар баривчлагдах, хорих ялаар шийтгүүлнэ, өмнөхтэй адил торгоод, тэнсээд сул чөлөөтэй явуулахаа больсон гэдгийг нь сургалт сурталчилгааны аль нэг хэсэгт ярихад л сонссон хүн өөрийн гэр бүлийн харилцаагаа эргэцүүлдэг, бусдад мэдээлэл өгдөг жишээтэй. Манай “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-нд ирж буй хүн заавал би эхнэр, хүүхдээ зоддог гэж хэлэх албагүй. Гэхдээ манай сургалт, явуулын үйлчилгээний тусаар өөрсдөө өөрийхөө үйлдлийг таньж мэддэг. Энэ л ухамсарт нь нөлөөлж, дахин хүчирхийлэл үйлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх суурь болж чаддаг, хэрэгцээт мэдээллийг хүргэх нь чухал. .

-Тийм “үл бүтэх хүмүүс” засарсан гэдгийг хэрхэн мэдэх вэ. Та бүхэн явуулын үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ?

-Бид нийслэлийн 82 хорооны хамтарсан багийн 492 мэргэжилтэнтэй гэж хэлсэн дээ. Энэ багт хорооны дарга, хороо болон сургуулийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн ажилтнууд, өрхийн эмч зэрэг хүмүүс багтдаг. Тэдэнтэйгээ хамтран үйл ажиллагаа явуулж байгаа нь нэлээд үр дүн үзүүлж байна. Манайхан хотын төвд нэг байшинд сууж үйл ажиллагаа явуулдаггүй. Хотын захын болон төвийн дүүрэг, хогийн цэг, Сүхбаатрын талбай гээд хаана л бол хаана ч очиж үйлчилгээгээ үзүүлдэг. Ингэснээр мэдээлэл авахыг хүсэж байгаа бүлэг, бас мэдээллээс хол хүмүүст хүрч ажиллаж чаддаг. Албан байгууллага, ААН-үүдэд ч очиж мөн сургалт, зөвлөгөөг зохион байгуулдаг. Ядаж л ажлаа тарж, гэртээ очоод утсаа оролдоод суухгүй. Хүүхдэд эцэг, эхчүүд зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэх зэрэг ойлголт өгч, сургалт зохион байгуулсаар ирсэн. Байгууллагууд ч мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажилчдынхаа гэр бүлд зориулж сургалт, сонсгол зохион явуулах болсон нь маш сайшаалтай санагддаг.

-Энэ гоё автобус маань цаашид үйл ажиллагаагаа явуулах уу. Орон нутагт хэрэгжүүлэх боломж хэр байгаа вэ?

-Иргэдийн зүгээс Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зөвхөн Улаанбаатарт биш, орон нутагт явуулах санал тавьсан. Тиймээс бид Хэнтий, Дорноговь, Төв аймагт очсон. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хувьд бид явуулын үйл ажиллагаандаа түшиглэн агуулга, арга зүйгээ гаргаж өгсөн. Хараа хяналтгүй орхисноос болж хүүхэд хохирох зэрэг бодит жишээнд тулгуурлаж, “гал унтраах”  маягаар л ажиллаж байна. Аймгууд дах манай салбарынхан өөрсдийн автобусыг ашиглан, явуулын үйлчилгээ үзүүлэхэд энэ жилээс арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Тодорхой хороо, дүүрэг дээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж, бодит байдал тулгуурлан ухамсарт нөлөөлж байгаа юм. Бид явуулын үйлчилгээг дахин үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ жил улсын төсөвт суусан, энэ ажил үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендэр зарласан.  

Би өмнө нь гэр бүл, хүүхдэд өгөх сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллаж байсан. Хажууд нь сэтгэлзүйн төв байсан ч орж чаддаггүй зөрөөд өнгөрөх янз бүрийн шалтгаантай хүн маш их байдаг. Мөн зарим хүн хэрэгцээ байсан ч зав, зайнаас болоод сургалт, зөвлөгөөнд хамрагдаж чаддаггүй. Бид тийм л хүмүүст тусгайлан зориулж явуулын үйлчилгээ үзүүлэх нь олон талын үр ашигтай гэж үзэж энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404