Л.Оюун-Эрдэнэ: Мөрийн хөтөлбөр өрийн дарамтаас гарахад чиглэх ёстой
15 өдрийн өмнө

 Монгол ардын нам тавдугаар бага хуралдааанаа улс орон даяар цахимаар зохион байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын багийн ахлагч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. 

 

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөр ямар чиглэлтэй байх вэ?

-Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байна. Нэгдүгээрт, шинэ коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр боллоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, маш их хэмжээний гадаад өртэй байна. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө. Тиймээс мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой.

 

МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөрт үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг багасгах реформ, орон сууцжуулах хөтөлбөр тусгагдсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тиймээс Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгалаа. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 мкв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллын иргэнд цемент, арматурыг нь тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг багасгах том хөтөлбөр багтсан.  

 

Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлсэн. Ингэхдээ, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль бий. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтыг тавьсан.

 

-Төрийн үйлчилгээг цахим болгох асуудал өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан. Энэ удаа бас тусгаж байна. Хэр үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна вэ?

-Бид юуг гэдгээ яриад яаж гэдгээ орхиж байсан. Тиймээс энэ удаагийн мөрийн хөтөлбөрт яаж гэдэг нь тодорхой туссан. Бид Эстони улсын загвараар цахимжуулна гэдгээ зарласан. Гар утасны аппликейшнд төрийн 13 000 төрлийн үйлчилгээ багтана. Хорооны засаг даргын тодорхойлолтоос авахуулаад компани байгуулах гэрчилгээ хүртэл цахимаар авах нөхцөл бүрдэнэ. Үүн дээр банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийг нэгдсэн байдлаар уяна. Одоогийн байдлаар бид урьдчилсан үнэлгээг хийж байна. Юу хийх вэ гэдэг нь тодорхой учраас яаж гэдэг дээр мэтгэлцэе гэж бусад улс төрийн намууддаа уриалмаар байна.

 

МАН-ын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил болчихсон гэж ойлгож болно. Бидэнд нуух, хаах юм байхгүй. Нэг жилийн хугацаанд 300 мянга орчим хүн "Алсын хараа-2050"-д саналаа өгч оролцсон. Өөрөөр хэлбэл "Алсын хараа-2050"-н эхний дөрвөн жилийн зорилтууд МАН-ын мөрийн хөтөлбөрт суусан.

 

- Дэлхий даяар эдийн засгийн уналтад орж байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр юу юу хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан бэ?

-Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төсөлтэй холбоотой зорилт мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаасан.

Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ. Түүн дээр татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилт орсон.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404