Иргэдийнхээ төлөө энд үймж байхад, хилийн цаанаас улс төр яриад томорч суух “экс”-үүд өрөвдөлтэй
2020/02/27

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр нэгэн үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх төрийн өндөр албыг хашиж явсан хүмүүс. Энэ утгаар нь авч үзэх юм бол өнөөдөр Монголынхоо төлөө зовинох сэтгэлтэй баймаар. Шинэ коронавирусын дэгдэлт дэлхийд нүд ирмэх зуурт тархаж байхад тэд хилийн цаанаас улс төр яриад томорч суугаа нь ичмээр. Нөгөөтэйгүүр ямар ч тайлбаргүйгээр хэн нь хэн бэ гэдгээ нотлоод өгч байна. Тэр хоёулаа эрүүгийн хэргээр шалгагдах үедээ хил гарч, хууль хүчнийхэн дуудахаар “Юун сүртэй юм, би зугтах хүн биш. Яваад л очно” гэсэн адилхан хариулт хэлчихээд, харьд хярчихсан улс. Түрүүчээсээ гадны өмгөөллийн байгууллагад хандаад зогсохгүй, гадаадын иргэншил хүсчихсэн байгаа хүнд ёстой Монголд юу болно хамаагүй гэдэг л болж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл мөрөөрөө бай. Хаяа зэргэлдээ хоёр хөршид нь аюулт өвчин гарчихаад голд нь ганц цэнхэрээрээ үлдэх гэж хичээж, чадах ядахаараа чармайж байгаа энэ үед хил дамнаж улс төр яриад, иргэдийнхээ төлөө зоригтой алхмуудыг хийж байгаа Төрийн өндөрлөгүүдийг тавлахаа боль. Юун завтай юм бэ. Уг нь та нар монголчууддаа амны хаалт явуулдаггүй юм гэхэд, амаа хамхиад сууж болдоггүй юм уу. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хилийн чинадаас телевизийн ярилцлага хийж, сар шинээр олонд хүргэхээр зориулсан нэвтрүүлэгт чинь барих хариу энд байна.

image

Манай Ерөнхийлөгчийн зурагтай постыг Солонгос даяар эрчимтэй тараагаад эхэлжээ. Зураг дээр:
Нэг ч Корона туссан хүнгүй.
Ард иргэддээ хайртай Ерөнхийлөгч
Мөнгө чухал биш.. Солонгосчуудыг хилээр нэвтрүүлэхийг хориглолоо.
Цэргийн үүрэг хариуцлага нь ард иргэдээ хамгаалах ажил... бүх хүчээ дайчлан маск үйлдвэрлэнэ!

Үүнийг бид үнэлж цэгнэсэнгүй. Солонгосын ард түмний үнэлэмж юм. Тэгэхээр ярьснаас илүүтэй, хийх нь чухал байгаа биз.

Мөн түүнчлэн төрийг удирдаж яваад одоо гадаадад гарч зугтсан та нараас илүүтэйгээр өнөөдрийн нөхцөл байдалд Монголын төлөө санаа тавих гадныхан бас байна. Тухайлбал, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такэши Касай “Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол Улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ. БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол Улс эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно” гэсэн сануулгыг өгөөд зогсохгүй “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна” гэсэн итгэл найдварыг хэлж байна.

Яг ийм хэцүү цаг үед монголчууд бид эх орон руугаа элдэв өвчин нэвтрүүлчихгүй юмсан гэж санаа зовж, ЭМЯ, ОБЕГ, хил, гааль, цагдаагийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд нойр хоолгүй ажиллаж байна. Тэгэхэд амжилт хүсэхийн оронд арьсаа хамгаалах элдэв арга сүвэгчилж суудаг “экс”-үүд та нар ямар өрөвдөлтэй, юм бэ.

 

Эх сурвалж: Medee.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404