Багануур дүүргийн иргэд хэрэглээний амны хаалтаа өөрсдөө үйлдвэрлэж байна
2020/02/22

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Багануур дүүргийн халдвартын эмнэлэгийн бэлэн байдлыг шалгалаа.

Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн гурван аймгийн иргэд болон төв аймгийн сумдад үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлогтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд Хотын захирагчид мэдээллээ. Багануур дүүргийн халдвартын эмнэлэг нь COVID-19/Корона/ вирус илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ортой 15 тусгай тасгийг бэлэн байдалд байлгаж байгаагаа танилцуулав.

Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайхан "Эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч мэргэжилтнүүдэд захилаа".

Үүний дараа Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд очиж ажиллалаа. Энэхүү жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд иргэд хямд түрээсээр өөрсдийн ажлын байртай, байнгын захиалагчтай болох боломжтой төдийгүй тус төвөөс цөөнгүй аж ахуйн нэгжүүд өсч "бойжин", хүнс болон ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, дүүргийнхээ болон нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн тухай дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир тайлбарлав.

Тус төвөөс ажил бизнесийн гараагаа эхлүүлж байсан оёдлыг үйлдвэрүүд “Багануур” ХК-ий ажилчдын нормын хувцас, дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын форм, биеийн тамирын хувцасыг нийлдэг болсон гэнэ. Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед дээрх төвийн 17 оёдолчин өдөрт 1000 ширхэг угааж индүүдээд дахин ашиглаж болохуйц амны хаалт хийж дүүргийнхээ төдийгүй нийслэлчүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байгааг Хотын захирагч С.Амарсайхан сайшаалаа. Хотын захирагч С.Амарсайхан "тус төвийн ажилчдад  хандан амжилт хүсээд жижиг дунд үйлдвэрийг жинэхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлээд, нийслэлээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404