Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
2020/02/21

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 09.00 цагт эхлэх бөгөөд шүүгчээр Х.Одбаяр, шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн, нэр бүхий өмгөөлөгчид оролцох юм байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2019 онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Эдгээр шүүгчдээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан өнгөрөгч есдүгээр сард БНСУ-д эмчлүүлэхээр яваад өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй учраас түүний хэргийг тусгаарлажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404