Х.Тэмүүжин: Ц.Элбэгдорж удахгүй очино гэсэн Ч.Сайханбилэг ирэх эсэхээ хэлээгүй байх шиг байна
2020/02/18

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг Интерполоор эрэн сурвалжлах шаардлага үүсээд байгаа тухай АТГ-аас мэдээлсэн билээ. Ч.Сайханбилэгийг Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт болон Оюутолгойн гэрээний нэмэлт буюу Дубайн гэрээтэй холбогдуулж, харин Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь буюу “Монголын зэс” компанийн асуудал, мөн улс оры эдийн засагт хохирол учруулсан асуудлаар шалгаж байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлсэн байгаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд 2019 оны аравдугаар сарын 17-нд улсын хилээр гарч явсанаас хойш хаана байгаа нь тогтоогдохгүй байх түүний байршлийг тогтоохоор интерполоор эрэн сурвалжилж байгаа гэв.

Энэ талаар Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжиний байр суурийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдгээ АТГ-аас зарлалаа. Хуулийн байгууллагаас түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүдийн талаар та ямар болотой байна?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удахгүй очино гээд хэлчих шиг боллоо, харин Ч.Сайханбилэгийн хувьд ирэх эсэхээ хэлээгүй байх шиг байна. Хуулийн процесс энд гацаж байгаа бол тэр хүмүүсийг шалгах үйл ажиллагаа зогсч байна аа л гэсэн үг. Хуулийн байгууллагад байгаа нөөц боломж нь юу гэвэл олон улсын хамтын байгууллагын хүрээнд хайх, шалгах, шалгалтаа үргэлжлүүлэх. Энэ нь тэдний ажлын нэг чиглэл.

Харин үүнийгээ хэвлэлээр сүр дуйлаан болгож шоу хийж байгаа нь хэргийг шалгах гэхээсээ илүү “Ийм мүүхай хүмүүс байна шүү” гэж харагдуулах гэсэн арга заль юмуу л гэж харагдаж байна. Бас нэг гайхшруулах зүйл байна. Энэ хүмүүсийг ямар гэмт үйлдэлд хуулийн ямар зүйл заалтаар буруутгаж байгаагаа АТГ бүрэг бадаг хэлчих шиг болно лээ. Зарим хүмүүсийн бичсэнчилэн “Эдийн засгийг дордуулсан” гэдэг үндэслэлээр хэрэг үүсгээгүй байлгүй дээ. Энэ бол эдийн засагчдын хийж болох дүгнэлт. Хуульчид хов жив шиг ийм юм ярихгүй байх.

Ер нь хуульчид нь хуулийн ажлаа хийхээ больчихоор мөрдөгчид нь хэвлэлээр ажилаа хийгээд эхэлж байгаа юм уу даа. Шүүх рүү хэрэг маргааныг явуулахаас илүү хэвлэлээр намнах, олон нийтийн дунд муухай харагдуулах гэж оролддог, хүмүүсийн сэтгэгдэл, ховоор хүнийг шүүж, яллах гэж улайрдаг явуургүй арга сүүлийн 15-16 жил явж байна. Энэ арга барилд ганц АТГ бус бүх хуулийн байгууллага татагдан орчихлоо.

-Та тэгэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа нэг үндэслэл нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна уу?

-Ямар үйл тарина түүнийгээ хураадаг гэж үгтэй. Хүнд үндэслэлгүйгээр хэрэг тулгадаг, заавал барьж, хорьж байж мөрддөг, хэвлэлээр нэр төрийг нь харлуулдаг, хэн нэгэн даргын үгээр ялалдаг, дээд дарга нартаа л үнэн ч байвал “би ажилтай, албан тугаалтай байна” гэж боддог, хууль зарчим ярьсан нэгнээ урвагч, баг болдоггүй гэж адлан гадуурхадаг энэ хуулийн байгууллагуудын хуучин ужигарсан арга барилыг халах гэж гурван хуулийн төслийг боловсруулж 2014 оны сүүлээр УИХ-д өргөн барьсан байсан. Тэр нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүд байсан. Монгол улсад таслан сэргийлэх арга хэмжээний тухай хууль байдаггүй, Баривчилах, цагдан хорих шийдвэрийг хэрэгжүүлэх тухай хууль байдаг.

Хуулийн зорилго, нэр нь хүртэл ганцхан барьж хорих агуулгатай, хорьж мөрдөхийн төлөө байдаг. Үүнийг өөрчлөх хуулиудын төслийг өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлэх үед Засгийн газар огцорсон. Шинэ сайд Д.Дорлигжав Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй хуулийн төслүүдийг татаж авсан. 2016 онд МАН олонхи болоод хүний эрх, процессын шударга ёстой холбоотой, арай гэж баталсан хуулиудыг хүчингүй болгоход Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байсан. Хориг тавих, яриа өгүүлэл гаргах боломж тэр хүнд байсан ч хараад л өнгөрсөн. Хуулийн байгууллага нь шударга бусын хонгил, мангас болсон байхад, энэ мангасыг өөрчлөх гэж хуруу хумсаа хөдөлгөхийн оронд гараа хумхиад, хуруугаа эмрхэрдээд сууж байсан олон хүмүүс одоо өөрсдөө энэ хонгил руугаа сорогдож байна.

МАН ч гэсэн энэ хонгилыг нураахгүй гэвэл хонгил буцаад тэднийг сорно. Одоогийн Ерөнхийлөгч, түүний тойрон хүрээлэгч нар “Бид бүгдийг шийддэг боллоо” гээд яг Ц.Элбэгдоржийн тойрон хүрээлэгчид шиг ааш авир гаргаад байвал тэд ч гэсэн буцаад энэ хонгилдоо сорогдоно.

Эх Сурвалж: Inews.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404