Асралт мед эх оронч санаачилга гаргалаа
2020/02/12

Дэлхийг айлгасан Коронавирус манай улсад одоогоор бүртгэгдээгүй байна.  Хэд хэдэн сэжигтэй тохиолдлууд гарсан ч тэдгээр иргэдийн сорилын шинжилгээ сөрөг  буюу халдваргүй болох нь тогтоогдоод буй. Гэвч аюул хажууд зэрэгцэн буйг бүх түвшинд сэрэмжлүүлж тогтмол маск хэрэглэх, гараа ариутгахыг зөвлөж байгаа билээ. 

Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ өдрүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэлээд чамбай ажиллаж байгаа гэхэд болно.  Хөл хорио тогтоож, хилийн бүсүүдийг хааж, цэцэрлэг сургуулиудыг түр хугацаанд хаасан нь хамгийн том арга хэмжээ боллоо.  Мөн онцгой үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлж болох нөөц боломжуудыг жагсааж хэлэлцсэн. 

Коронавирусийн халдвар  хэрэв бүртгэгдвэл эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг  суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов. Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор УОК-ийн хуралдаанаар шийдвэрлээд байна.

Хувийн хэвшлүүдээс анх удаа “Асралт мед”-ийнхэн түрээсгүйгээр  эмнэлгээ ашиглуулахаа мэдэгдсэн нь тун  Эх оронч шийдвэр санаачилга байлаа.  

Жилийн жилд улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй нялхасууд эмнэлгийн хүйтэн хонгилд шалан дээр “хөглөрч” байхад, амьсгалын замын өвчлөлөөр жилд 130-150 хүүхэд нас барсаар байхад хувийн  эмнэлгүүд ядаж хөнгөлөлт үзүүлж байсангүй. Өнөөдрийн байдлаар дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 60%-иас  хэтэрсэн байгаа гэсэн. Харин хувийн эмнэлгүүд ор хоногоо 40-80 мянгаар үнэлж, эмч нар нь нэг үзлэгийг 20-30 мянгаар хийж байна.  /энэ дүнд эмчилгээний зардал ороогүй/ Бас энэ онцгой цаг үед “хүүхдийн эмнэлгийн байрны архитектур” нтр гэж сүржигнэлгүй байгаа боломжуудыг ашиглан тоноглож, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд яагаад болохгүй гэж...  Засгийн газар  эм тариа, бусад шаардлагатай зүйлсэд 4.2 тэрбум төгрөгийг шийдсэн байна лээ. Энэ олон төрөөс төрсөн тэрбумтнууд, монголын баячууд яагаад ийм хүнд нөхцөлд хүмүүнлэгийн гараа сунгадаггүй юм бэ, яагаад 10 ширхэг оношлуур аппарат, хэдэн вакцин хандивлачихаж болдоггүй юм.  Уг нь монгол хүний ген бол тусч хүнлэг.  Ийм онцгой цаг үед мөнгөний төлөөх улаан нүднүүдээ жаахан цөөлөөсэй. Хэцүү үед  улсын эмнэлгийн ачааллаас хуваалцдаггүй, хөнгөлөлт ч байдаггүй хувийн эмнэлгүүдээс татгалзаж, сэтгэлтэй болоод зүтгэлтэй, тоног төхөөрөмж сайтай Асралт медийг сонгож үйлчлүүлэгчид олон байгаасай.

Жич дуулгахад, Асралт мед амбулаторийн 100 ортой, Хан уул дүүрэгт байрладаг.  Интермед мэтийн том эмнэлгүүд дурангийн шинжилгээг  16-гийн зүслэгтэй харуулдаг бол эднийх 64-ийн нарийвчлалтай харуулдаг гээд тоног төхөөрөмж нь монголдоо л хамгийн чадалтай, орчин үеийнх юм билээ.  Эх оронч шийдвэр гаргасан Асралт медийн хамт олонд БАЯРЛАЛАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
УЭНГЭЛ202.126.88.48
ҮНЭН БОЛ ОР ХОНОГ 50000 ГЭХГҮЙ ЛБАЙХ БАЙСАН ШҮҮ ДЭЭ
2021/08/13
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404