Засгийн газар “Амьдралын сургууль”-ийг дэмжлээ.
2020/02/05

Засгийн газар “Амьдралын сургууль”-ийг дэмжлээ. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэлх насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа.  Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой аж.  2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.

Сурлага  муутайчуудыг  ТМС  рүү “хөөдөг” гэсэн ойлголттой, ТМС-д суралцахаасаа ичдэг байсан үе улирч одоо МСҮТ /ТМС/-ийн суралцагчид нэр хүндтэй бас хөдөлмөрийн зах зээлд ч эрэлттэй болсон.  Цаасыг биш хүнээ шүтэж,  чанаргүй хоосон дипломоос чанартай сайн ажилчин үнэ цэнэтэй  хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон гэсэн үг.

Хоосон диплом өвөртөлсөн залуус толгойдоо эрдэмгүй, эзэмшсэн мэргэжилгүй, хийсэн ажил ч гүй гудамж метрлэж байхад   МСҮТ  төгсөгчид ажлын байртай, амьдрах арга ухаантай, юм юмны захтай байна.

Тиймээс МСҮТ ээ  төрөөс сайн дэмжээд байвал Монгол улс Үйлдвэрлэгч улс болж чадна.  Тиймээс цаашдаа  сайн сургалтаас гадна дадлагын материаллаг бааз, орчин нөхцөлд нь анхаарах хэрэгтэй. Бас сургалтын төвүүдэд өгч байгаа хувьсах зардлын мөнгийг зогсоож, МСҮТ-д шилжүүлэх нь зөв. 

Ийнхүү МСҮТ-ийн 45 хүртэлх насны суралцагчид хичээлийнхээ 75-аас дээш хувьд сууж, хичээлдээ сайн шамдаад л байвал сар бүр  200 мянган төгрөгний тэтгэлэг авч байхаар болж байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404