УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж буй найм дахь гишүүн нь Н.Номтойбаяр
2020/01/17

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны асуудлаар эргүүлэн татах хүсэлтийг УЕП-оос тавьсан гэх мэдээлэл цацагдаад байна. Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээс эхэлж   цацагдах болсон. Энэ талаар  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ө Төрийн ордонд мэдээлэл хийж, өөрийгөө яллагдагчаар татагдах үндэслэл байхгүй гэдгээ тайлбарлаж байсан юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг шүүх хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байв.  Шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж "Сүүлийн хагас жилийн хугацаанд над руу дайрсан гүтгэлгүүд их явж байна. Миний бие тодорхой тайлбар өгсөн.  Г.Батхүү агсныг нас барсантай холбоотойгоор хэн нэгнийг яллагдагчаар татах нь байтугай эрүүгийн хэрэг ч үүсгээгүй. Сая болсон шүүх хурлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокурорын байгууллагаас ирүүлснийг хэлэлцсэн. Шүүх хүлээж авалгүй татгалзлаа. Шүүх шударга байлаа, үүнд талархаж байна" гэж байлаа.

Ийнхүү УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж буй найм дахь гишүүн нь Н.Номтойбаяр болж байна. Үүний өмнө  Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-д гаргаж байсан ч хүлээж аваагүй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404