Гэр бүл болоход ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ болно
2020/01/16

Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

 

Хүүхдээ хүмүүжүүлэх эцэг эхийн эрх, үүргийг мөн нарийвчлан заасан бөгөөд хүүхдэд удам угсааг нь мэдүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг тайлбарлан таниулах үүрэгтэй

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүү салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлтийг дагалдан хийсэн тул хуулийн төслийг санаачилсан байна.

Хуулийн төслийг санаачлагч гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч гэр бүл цуцлалт, хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл байсаар байгаа төдийгүй, гэр бүл салсны дараах хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөхгүй байгаа зэрэг сөрөг үр дагавар байгааг дурджээ.

2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэр гэрлэлтээ цуцлуулсан байна.

Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүгээс гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг орж байгаа тул иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, төрийн оновчтой зохицуулалт хийх шаардлагатай байгааг онцолжээ.

 

Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийн баталгааг хангах, хүүхдийн өмчийг хамгаалах зэрэг асуудлыг тусгажээ

Мөн үүнээс гадна одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд гадаадын иргэн болон харьяалалгүй иргэн оролцсон гэр бүлийн харилцааг тусгажээ.

Хуулийн төслөөр иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийн баталгааг хангах, хүүхдийн өмчийг хамгаалах зэрэг асуудлыг тусган гэр бүл цуцлалт, гэр бүлийн хүчирхийлэл буурч хүүхдийн эрх, хамгаалал хангагдана гэж үзэж байгаа юм.

Хуулийн төсөл 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд одоо мөрдөгдөж буй хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга оруулжээ.

Гэр бүлийг дэмжих төрийн байгууллагын үүргийг нарийвчлан тусгаж, гэр бүлийн хүлээх үүргийг ч задалж өгсөн байна. Мөн эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг байсан бол эргээд эцэг эхээ тэжээн тэтгэх үүргийг хуулийн төсөлд тусгасан. Цаашлаад гэр бүл болж буй иргэд гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд хамгийн чухал нь гэр бүлийн боловсрол төдийгүй гэр бүл судлаач, хүүхдийн сэтгэлзүйчийг бодлогоор бэлтгэхээр зааж өгсөн байна.

Хуулийн төслийн онцлох заалтуудаас хүргэж байна.

  • Төрөөс гэр бүлийг орон байртай байх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжинэ
  • Гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон төрийн, төрийн бус, хувийн хэвшлийг урамшуулж, дэмжинэ
  • Гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжсэн, гэр бүлийн гишүүдийн хүндэг, нандин харилцаа, үнэт зүйл, зан заншлыг дээдэлсэн урлаг, радио, телевизийн бүтээлийг дэмжинэ
  • Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд хариуцсан газар нь гэр бүлийн боловсрол олгох, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх танхимтай байна.
  • УИХ-аас гэр бүлийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааны зардлыг жил бүр улсын төсөвт суулгана
  • Засгийн газар гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлно
  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын сургалтын хөтөлбөр, насан туршийн боловсролын хөтөлбөрийн агуулгад тусган хэрэгжүүлнэ
  • Мөн гэр бүл судлаач, сэтгэлзүйч, хүүхдийн сэтгэлзүйч зэрэг мэргэжилтэнг дээд боловсролын байгууллагаар бэлтгэнэ
  • Бүх шатны Засаг дарга нар угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохион байгуулах
  • Аливаа этгээд ашиг олох зорилгоор гэрлэлтийн асуудлаар зуучлалын ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглох заалтыг шинээр тусгасан
  • Шинээр нэмэгдэн гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулахаар тусгасан бөгөөд гэрээнд хамт амьдрах, гэр бүл цуцлах үед хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, гэр бүлийн орлогоос ашиг хүртэх, эд хөрөнгө өмчлөх талаар тусгах юм
  • Гэрлэгчдийн эрхэд гэр бүлд бий болсон баялгийг тэгш хүртэх гэсэн заалтыг оруулж ирсэн бөгөөд хамтын амьдралаа тогтвортой байлгах, эрүүл хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах, УРГИЙН БИЧГИЙГ ХӨТЛӨХ, ӨВЛҮҮЛЭХ үндсэн үүргийг хүлээхээр тусгажээ. Одоогийн хуульд үүрэг дөрвөн заалттай байгаа бол хуулийн төсөлд үүнийг дотор нь задалж өгсөн байна.
  • Долоо болон түүнээс дээш настай хүүхдийн нэр, эцэг/эхийн нэрийг өөрчлөх бол түүний саналыг авна
  • Хүүхдээ хүмүүжүүлэх эцэг эхийн эрх, үүргийг мөн нарийвчлан заасан бөгөөд хүүхдэд удам угсааг нь мэдүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг тайлбарлан таниулах, төрөлх хэл, бичиг үсэг, суурь боловсрол эзэмших, АМЬДРАЛЫН УХААНД СУРГАХ, хөдөлмөрт бэлтгэх зэрэг асуудлыг үүрэгжүүлсэн байна.
  • Одоогийн хуульд эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хүлээж байгаа бол хуулийн төсөлд ЭЦЭГ ЭХЭЭ ТЭЖЭЭН ТЭТГЭХИЙГ ҮҮРЭГЖҮҮЛЖ, зайлсхийсэн тохиолдолд гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404