Тэтгэврийн зээл тэглэснээр ОУВС-гийн санхүүжилт зогсох эрсдэлтэй
2020/01/15

ОУВС-гийн хөтөлбөр ирэх 5 дугаар сард дуусна. Хөтөлбөрийн гол зорилго нь манай улс реформын шинжтэй өөрчлөлтүүд хийж түүнд нь ОУВС болон бусад улс орон, олон улсын байгууллагуудаас төлбөр өгөх юм. ОУВС-гийн санхүүжилт нь үе шаттайгаар орж ирсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сүүлийн төлбөр болох 500 сая орчим ам.доллар  одоогоор орж ирээгүй байгаа юм байна. ОУВС хамгийн сүүлд буюу 2019 оны 9 дүгээр сард гэрээний үнэлгээ хийхдээ  төсвийн хөрөнгө оруулалтыг багасгах , 2021 оноос эхлээд төлөх өр төлбөрийн бэлтгэлийг хангах шаардлагатайг анхааруулсан байна.

Ийм үед Тэтгэврийн зээлийг тэглэснээр ОУВС-тай байгуулсан гэрээ зөрчигдөж, үлдэгдэл төлбөр орж ирэхгүй байх эрсдэлтэй гэж  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми сэтгүүлчтэй ярилцахдаа хэлжээ. 

Тэрээр "тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарснаар ОУВС-raac гэрээгээ зөрчсөн гэдэг асуудал тавьж байна. Ингэснээр дээр дурдсан хамгийн сүүлийн төлбөр орж ирэхгүй байх магадлал өндөр. Гэтэл төгрөгийн ханш суларч байгаа үед зайлшгүй гадаадаас орж ирэх валютын нөөц хэрэгтэй байна. Хэрэв дээрх төлбөр орж ирэхгүй бол төгрөгийн ханш сулрахад ихээхэн нөлөөлнө.

Нөгөөтээгүүр, Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн асуудал тавигдаж байгаа тул 2021 оноос өрөө эргүүлэн төлөхөд хүндрэл үүсэж магадгүй. Бидний өнөөгийн нөхцөл байдлаас харахад дахиад л ОУВС-гаас хөтөлбөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудалтай тулна" гэжээ. 

 

 

 

 

 

 

 

-Та тэтгэврийн зээлийг тэглэснээр ханшийн сулрал үүсэх эрсдэлтэй гэлээ. Ер нь иргэдийн өмнө тулгамдаж буй гол бэрхшээл нь төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа явдал шүү дээ. Төв банкнаас энэ жилээс төлөх своп, ирэх оноос барагдуулах бондын өр төлбөрүүдтэй холбоотойгоор валютын нөөц бүрдүүлэхийг гол зорилгоо болгож, зах зээлд ам.доллар нийлүүлэхэд хойргошиж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор төгрөгийн ханш улам суларсаар байх уу?

-Манай улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байна, гэхдээ энэ нь хангалттай нөөц биш. Бид ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг учраас валютын нөөц тун чухал.

Төв банкнаас хийсэн судалгаагаар валютын нөөц хамгийн багадаа зургаан тэрбум ам.доллар байх ёстой гэж тооцсон. Тэгэхээр 4.3 тэрбум хангалттай нөөц биш. Байнга өсгөж байх шаардлагатай байна. Ер нь төгрөгийн ханшийн сулралыг тогтоон барьж, гаднаас орж ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй.

Мөн томоохон төслүүдийг эргэлтэд оруулж хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүний асуудал болж байна. Тэгж байж л төгрөгийн ханш тогтворжино.

Одоо сонгуулийн үр дүнг харна. Үр дүн ямар байхаас хамаарч хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Иймд эдийн засаг эхний хагас жилд хүндрэлтэй байх болов уу гэж харж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404