З.Энхболд: Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз
2020/01/14

Монгол улсын Ерөнхийлөгч "тэтгэврийн зээл тэглэх" зөвлөмж гаргаж, түүнийг нь УИХ-аар хэлэлцэж дэмжсэн. Гэвч уг шийдвэр дээр Олон улсын валютын сан/ОУВС/-ийн суурин төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсыг ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын байр суурийг сонслоо.

Олон улсын валютын сан/ОУВС/-ийн суурин төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсыг ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж байсан. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

- Тэтгэврийн зээл тэглэсэн нь зөв. Харин Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй. Ардын намынхан л гэрээ хийсэн. Гэрээ хийх шаардлагагүй байсан. Валютын сангийн үгэнд орж есөн татвар нэмсэн биз дээ. Өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ямар ч хамааралгүй.

Валютын сангийн үгээр яваад амьдрал сайхан болдог бол болохоор боллоо. Валютын сан амьдралгүй шийдвэр гаргадаг. Ардчилсан нам 2012-2016 оны хооронд Валютын сангаас мөнгө аваагүй. Авахаар ийм шаардлага тавьдаг. Тийм учраас бид Чингис, Самурай бонд хоёр орчим тэрбумын зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй байсан. Хамаг түүхий эдийн үнэ унаад хэдэн тэрбумын цоорхой үүссэн. Бид Валютын сангүйгээр шийдээд яваад болоод л байсан.

Угаасаа түүхий эдийн үнэ өсчихсөн үед Валютын сан руу ордог нь буруу шүү дээ. Ч.Хүрэлбаатарын буруу. Ардын нам Ч.Хүрэлбаатарынхаа гаргасан буруу шийдвэрийг сонгуулийнхаа үр дүнгээр төлнө.

-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн долоогийнх нь эрхийг сэргээсэн юм байна. Ямар шалтгаанаар юм бол?

-Шүүгчийн түдгэлзүүлэх, эрхийг нь сэргээх гэх мэт бүх асуудал Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамждаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзээд өнгөрсөн жил түдгэлзүүлсэн. Шалгалтын явцад долоог нь хэрэгт холбогдолгүй гэж үзээд эрхийг нь сэргээсэн. Үлдсэн шүүгч нарын мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404