“ЭРХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО
2020/01/13

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД, ГЭР БҮЛИЙГ ЧАДВАРЖУУЛАХ “ЭРХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” АМЬДРАХ УХААНЫ БАГЦЫН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр эрсдэлт бүлгийн хүүхэд, гэр бүл, залуучуудтай ажиллах, тэднийг сургаж чадавхжуулах зорилгоор “Эрх, үүрэг, оролцоо” сэдэвт амьдрах ухааны сургалтын багцыг үндэснийхээ нөхцөлд нийцүүлж шинэчлэн боловсруулсан бөгөөд уг агуулгын хүрээнд үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 08-13-ны өдрүүдэд Альфа зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургагч багш бэлтгэх сургалтаар 10 аймаг, Нийслэл, 9 дүүрэг, хүүхэд, гэр бүлийн чиглэлд ажиллаж байгаа төрийн бус байгууллагын төлөөлөл 30 мэргэжилтнийг сургагч багшаар, сургалтыг удирдан явуулсан 8 хүнийг мастер багшаар бэлтгэсэн юм.

Энэхүү багц гарын авлага нь зорилтот бүлгийн хүн амд хүүхдийн хөдөлмөр, жендэрийн эрх тэгш байдал болон бусад олон чухал асуудлаар ойлголт өгөх, тэдгээртэй холбоотойгоор тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг, төлөөлөл, оролцооны талаар мэдлэг олгох, улмаар тэднийг амьдрал ахуйн болон ажил хөдөлмөрийн хүрээнд зөв мэдээлэлд үндэслэн ухаалаг шийдвэр гаргах, байгаа бололцоогоо дайчлах, шинэ боломжийг эрэлхийлэх, гэр бүл, орон нутаг, хамт олныхоо дунд дуу хоолойгоо илэрхийлэх чадавхтай болгох зорилготой юм.

Мөн энэхүү сургалтыг цаашид Залуучуудын хөгжлийн төв, Гэр бүлийн хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд эрсдэлт бүлгийн гэр бүлийн хүүхэд, залуучууд, хөдөө орон нутгийн иргэд, шилжин суурьшигчид зэрэг янз бүрийн зорилтот бүлэгт хүрч ажиллахаар төлөвлөөд байна.

ОУХБ-аас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх, тайлагнах үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улсын GSP+ статусыг хадгалах нь” төслийн хүрээнд энэхүү амьдрах ухааны сургалтын багц боловсруулах, сургагч багш бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлсэн.
ГБХЗХГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404