НӨАТ-ын 2019 оны сүүлчийн сугалааны тохирол 1-р сарын 19-нд явагдана.
2020/01/13

НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болсон. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм байна.

 

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс иргэд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгах хэрэгтэй.

 

Иргэд НӨАТ-ын суутган төлөгч хувь хүн, ААН, байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа Е баримт системд бүртгүүлж, төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтын урамшууллыг дараа оны нэгдүгээр улиралд авдаг. Тэгвэл энэ 2020 оноосэхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болоод байна. Нэг ёсондоо тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

 

Е баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дууссан. 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43.714 иргэн байна.  Капитал банкыг сонгосон 309 иргэн байна. Тэдний гар утасны Е баримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн ба эдгээр иргэд нэгдүгээр сарын 15-наас өмнө хэрэглэгчийн хэсэгтээ бүртгэлийн мэдээллээ засварлах шаардлагатай.

 

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404