Хөөн хэлэлцэх хугацааг эргэж сэргээхээр боллоо
2020/01/13

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 59.5 хувийн саналаар Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан.

Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй.

Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404