Хятадад шинэ төрлийн титэмт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ
9 өдрийн өмнө

БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн титэмт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан байна. Үүнээс гадна, 40 хүн уг вирусээр халдварласан байгаа бөгөөд хэдэн зуун хүн хяналтад байна гэж хотын Эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо мэдээлжээ.

 

Хятадын Хубэй мужийн Ухань хотод үүсгэгч нь тодорхойгүй хатгалгаатай төстэй өвчний халдвар дэгдсэн тухай хотын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Нэгдүгээр сарын 5-ны байдлаар халдварын 59 тохиолдол бүртгэгджээ. Өвчний үүсгэгч нь титэмт вирусийн шинэ төрөл болохыг Хятадын шинжээчид нэгдүгээр сарын 4-ний пүрэв гарагт урьдчилсан байдлаар тогтоосон байна.

 

“Шинэ төрлийн титэмт вирусээр халдварласан 41 тохиолдол илэрсэн. Тэдний хоёр нь эмнэлгээс гарсан бол долоогийнх нь биеийн байдал хүнд байна. Нэг хүн нас барсан, бусад хүний биеийн байдал тогтвортой байна” гэж хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурджээ.

 

Үүнээс гадна, одоогийн байдлаар 739 хүн эмчийн хяналтад байгаа бөгөөд тэдний 419 нь өвчтөнүүдтэй шууд харьцсан эмч нар ажээ. Одоогоор тэдэнд уг вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404