Зураач, барималч Э.Эрхэмбаяр "ӨЧИГ" үзэсгэлэн нээлээ.
2020/01/10

Үндэсний Эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан зураач, барималч Э.Эрхэмбаяр өчигдөр (2019.12.29) Богд хааны ордон музейд ОЛНОО ӨРГӨГДСӨН БОГД ХААН "ӨЧИГ" үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр өнгөрсөн онд Төрийн түүхийн музейд Их хаадын хөрөг, каллиграфийн цогц бүтээлүүдээр "Үл тасарна" нэртэй үзэсгэлэн гаргаж байсан юм.


 
Үзэсгэлэнгийн талаар зураач, барималч Э.Эрхэмбаяр, "Ерөнхийдөө Богд хаант Монгол Улсын Төрийн зүтгэлтнүүдийн хөрөг баримлууд, тэдний хэлсэн үгийг уран бичлэг, каллиграфи маягаар хийлээ. Эх орончдын хэлсэн үг сургаал, өчиг гэдэг өнөөгийн бидэнд хандсан захиас юм гэдгийг бид мартаж болохгүй. Нөгөө талаас бид түүнийг нь одоо ямар хэмжээнд ойлгож, биелүүлж байна вэ. Бараг биелүүлэх нь байтугай эсрэгээр нь яваад байна гэсэн эмзэглэл хааяа төрдөг юм. Тийм учраас энэ хүмүүсийн хийсэн үйл, гавьяаг сануулах зуураа одоо бид ямар байгаа билээ гэдгийг бодуулахыг зориод байна." хэмээн хэлсэн юм. 
 
Үзэсгэлэнд олны танил хүмүүс цөөнгүй хүрэлцэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Шашны бодлогын зөвлөх, СГЗ яруу найрагч Ц.Хулан ярихдаа, "Уран бүтээлчийн хувьд иргэн хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг хүндэтгэж ийм бүтээлүүд хийжээ. Ер нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолынхоо төлөө иргэн хүн бүр хүчин зүтгэж, зураачид нь зурж, урлаачид нь урлаж явах ёстой" хэмээв. 
 
Үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал Богд хааны ордон музейд гарна. 
 
 
 
 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404