АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна
2020/01/08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.

 

АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:

 

1.  Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ

2.  Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ

3.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.

 

Товч мэдээ:

-  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо.

 

-  Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов.

 

-  Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангилалын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно. 

 

-  Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон явуулж, дүнг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.

-  Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлээгүй хуулийн этгээдийн удирдлагад хариуцлага тооцох болов.

 

-  Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого явуулсан байна. Улсын хэмжээнд археологийн олдвор долоон хувь, байгалийн түүхийн үзмэр 13, угсаатны зүйн үзмэр 16 хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Цаашид эд өлгийн зүйлсээр баяжуулах, үндэсний хэмжээний археологийн судалгааны багийг дэмжих, үзмэр худалдан авах санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж үзлээ.

 

-  “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг батлав. Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Жагсаалтад 182 дурсгал багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404