Д.Одбаяр: Ядаж л камерын бичлэгээр байгаа бол өндөг байтугайг нь шидүүлэхэд бэлэн байна
2019/12/12

Онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан гэдэг асуудалд өртөж, албан тушаалаа өгсөн ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр болсон хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа ам нээж, ярилцлага өгчээ. Тэрбээр iTOIM.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө хувийн хайхрамжгүй байдал, бас болсон үйл явдалд эхэндээ хэнэггүй хандсанаас болж, нийгмийг бухимдуулсан асуудалд холбогдсондоо нийт монголчуудаасаа уучлалт гуйж байна. Энэ бол миний чин сэтгэл. Хүлээж авах эсэх нь хувь хүмүүсийн эрх байх. Асуултын тухайд, би чин үнэнийг л ярина. Яагаад гэвэл энд миний ярьсан бүхэн солонгос хэл дээр орчуулагдаж КАЛ-ын төдийгүй Инчеоны цагдаагийн байгууллага, прокурор улмаар БНСУ-ын төр, засгийн зохих түвшинд очих нь тодорхой. Миний анзаарснаар Солонгосын цагдаа, хуулийн байгууллага нь сэтгүүлчидтэйгээ, бас сошиалтайгаа сүрхий хамтарч ажилладаг шиг санагдсан. Хэрвээ би энд худлаа, Солонгост ярьж байснаасаа буруу зөрүү, цагдаад мэдүүлснээсээ огт өөр зүйл яривал Солонгосын хэвлэл, сошиал дор нь харьцуулаад гаргаад цацна, эргэлзээгүй. Тэрийг би биеэрээ мэдэрсэн, харсан. Би тэнд ярьснаасаа худлаа ярьж Монголынхоо болон өөрийнхөө нэр хүндийг ахин муу муухайгаар дуудуулахыг хүсэхгүй. Болж өнгөрсөн явдлыг тойрсон нийгмийн дуулиан надад ахадсан уу гэхээс багадаагүй.

Хэрвээ би үнэхээр өгзөг базах, биед нь хүрэх гэж оролдсон, тэр нь нотлогдсон, ядаж л камерын бичлэгээр байгаа бол өндөг байтугайг нь шидүүлэхэд бэлэн байна. Гэтэл би тийм үйлдэл хийгээгүй. Тэгэхдээ би хувь хүний хайхрамжгүй үйлдлээ зөвтгөж өмгөөлөхгүй. Бодит үнэнийг л ярилаа. Ажил, албан тушаалын тухайд би ирсэн өдрөө л болсон бүх үнэнийг Цэцийн гишүүддээ ярьсан. Тэр оройдоо Цэцийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Даргын суудалтай зууралдах, сонирхол, шалтгаан надад байгаагүй. Нэмээд Цэцийн гишүүнээсээ хэрвээ татгалзах шаардлагатай гэвэл би зууралдаад байх юм байхгүй. УИХ юу гэж шийднэ, би хүндэтгэнэ.

Монголын төр Одбаяр гэж хувь хүний нэр холбогдсон, сэжиглэгдсэн үйлдлийг өмгөөлөөгүй. Харин Монгол төрийн нэгэн өндөр албан тушаалтнаа олон улсын гэрээ конвенцын хүрээнд чадлаараа өмгөөлсөн.

Үгүй ээ, цаг хугацаа эдгээнэ гэхээсээ би буруугүй байсан нь цаг хугацааны эрхээр улам тодорно гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл саяын миний ярьсан бүхэн онгоцонд болсон маргаанаас эхлээд Монгол руу буцахаар МИАТ-ийнхаа онгоцонд суух хүртэлх бүгд олон гэрчтэй. Зарим хүн, бүр миний огт танихгүй, энгийн суудалд сууж явсан хүмүүс хүртэл над руу утасдаж мессэж бичиж байгаа. Үйл явдал таны арын суудлын хүн дээр болсон, харин та өмгөөлсөн, би ярих уу гэж. Би “Танд маш их баярлалаа, та яриад хэрэггүй ээ л” гэж байгаа. Яагаад гэвэл нэгд, би өөрөө нуугдаад бусдаар үнэнээ яриулах хэмжээний буруу үйлдэл хийгээгүй. Саяхан нэг хүн өөрөө санаачилгаараа болсон явдлыг ярьж ярилцлага өгсөн байна лээ. Тэгсэн тэр хүнийг Одбаяраас мөнгө авсан энэ тэр гээд баахан дайрсан харагдсан. Тийм учраас хоёрт, би өөрийнхөө хайхрамжгүй үйлдлийн төлөө гэмгүй нэгнийг сошиалын дайралтад оруулж сийчүүлмээргүй байна. Манай сэтгүүлзүй, нийгмийн сүлжээ ч заримдаа хэн нэгнийг үгээ хэлэх ч боломж олгохгүйгээр буруутан болгож ялладаг, сийчдэг болсон байна. Мэдээллийн террор гэж болохоор ийм туйлшрал газар авч, удаан оршиж болохгүй. Хэрвээ тэгвэл Азийн зарим улсын нийгэм шиг мэдээллийн террорт өртсөн, гүтгэгдсэн, ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд амиа хорлодог болно. Аюул нь энэ шүү. Энэ алдааг нийгмээрээ засах ёстой.

Иргэн А-гийн тухай би ярихгүй ээ. Тэр хүн үйчлэгчийн биед хүрсэн байж магадгүй гэж сэрдэгдэж, Солонгосын тал хэргийг шалгаж байгаа. Тэр нь нотлогдоогүй байхад би энд тэр хүний тухай зарлах эрхгүй. Тэр хүн гэмт хэрэг хийсэн, үгүй нь тодорхой болоогүй, шалгагдаж байгаа асуудлынх нь үнэн зөв тодроогүй байхад өөрийнхөө явсан нийгмийн сүлжээний дайралт дундуур бас нэг монгол иргэнээ туучуулах ёс суртахуун надад байхгүй. Хэргийг шалгаж байгаа Солонгосын тал нэр усыг нь задлаад зарласны дараа бол өөр хэрэг. Жишээ нь, биед нь хүрсэн гэж хэлсэн үйлчлэгчийг надтай нэг ч удаа нүүрэлдүүлээгүй, бас манай өмгөөлөгчтэй ч уулзуулаагүй. Энэ нь нэгд, би тэр үйлчлэгчийн биед хүрээгүй учраас нүүрэлдүүлэх шаардлагагүй гэж үзснийх байх, хоёрт гэвэл Солонгосын тал иргэнээ ядаж л сэтгүүлчдийнхээ нүдэнд өртчихөөс сэргийлсэн байх.

Хэрвээ миний нэр холбогдсон үйл явдлын үнэнийг үнэхээр үнэнээр нь мэдье гэж хүсч байгаа бол камерийн бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хөдөлшгүй баримтад л итгэ гэж хэлмээр байна” гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404