Хурдан адууны ардах бохир схем сонгуулийн тойрогт амилж эхлэв үү
2019/12/03

Хурдан удмын адуу авлигын сүлжээнд орж,  хэрхэн төгөлдөржсөн тухай саяхан бичиж байв.  Бяцхан амиар өргөл өргөдөг хөрөнгөтнүүдийн аархал үндэстний хэмжээнд дэлгэрч,  хурдан морины үнэ тэнгэрт хадах болсны  цаана албан тушаал горилогсдын авлигын сүлжээ нуугдаж байжээ.

Улс төрийн сонирхолтой нөхөр өндөр үнээр авсан хурдан адуугаа даргад бэлэглэнэ. Өндөр үнэтэй адууны оронд дарга албан тушаал өгнө. Харин даргаас өөр нэг суудал горилогч  өндөр үнээр худалдаж авна.  Энэ бол мөнгөний урсгал даргын халаас руу тасралтгүй цутгаж байх бохир схем.

Энэ бохир схемээр бүхэл бүтэн Засгийн газар ч бий болсон түүх бий. Уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболдын Засгийн газрыг “Уяачдын Засгийн газар” гэж нэрийдэж байсан бөгөөд нэн шинэ мэт сонсогдох эл схемийг Уяачдын сүлжээ Засгийн эрхийг атгаж байсан дээрх он жилүүд батлаад өгнө. Одоо ч энэ төрлийн  схемчид төрийн хэлхээ холбоог залгуулсаар байгаа.  Тиймээс энэ удаад түүх ярихгүй.  60 тэрбумын сүлжээнээс илүү жин дарах дээрх бохир схем сонгуулийн тойрогт хэрхэн амилж эхэлж байгаа жишээг өгүүлье.

Хэдхэн хоногийн өмнө эрх баригч намын генсек Д.Амарбаясгалан  Говь-Алтай аймагт хурдан удмын азарга  “тарааж”,  ирэх сонгуульд хүч үзэх тойргоо амлан авч, зарлан тунхаглав.                           

Говь-Алтай аймгийн хувьд УИХ-ын ганц мандаттай. Зам тээврийн сайд агсан Ц.Дашдоржийн гэгддэг  байсан энэ тойрог талийгаачаас хойш хайр халамжаар дутсан нь үнэн. Нөгөө талаар тус тойргоос сонгогдсон одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд МАНАН-гийн жижиг төлөөлөл, басхүү Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаа гээчийг сэдэж санаачилснаараа ад болж байгаа. Тиймээс эрхэм генсек Говь-Алтайг онилжээ.  Гэвч анхны явалтаар аархаж гайхуулан, баг бүрт хурдан удмын азарга бэлэглэсэн нь олны анхаарлыг татаж, амыг ангайлгав.

Монгол хүн хурдан морио бэлэг болгон дээдлэхэд буруу юу байхав.  Гэвч сонгуулийн тойргоо бататган явахдаа хурдан азарга олноор бэлэглэсэн нь  “ мориор санал худалдаж авах” гэж байгаа оролдлого мэт...

Улс аймгийн наадамд хурдлаагүй бол хурдан удмын адууны үнэ тэнгэрт хадахгүй. Гэсэн ч “дор хаяж 10-20 саятай”  гэж  морь мэдэх хүн батлав.

Говь-Алтай аймаг 18 сум, 87 багтай.  Багийг тоолохоо больё. Сумдын тоогоор үржүүлэхэд л  бэлэгний морьдын үнэ  дунджаар  200 сая болох нь ... Нэг удаагийн явалтаар энэ том аархалаар эхэлсэн генсек залуу сонгуульд нэлээн хүч хаях нь ийнхүү тодорхой болжээ.

Хүний түрийвчийг тоолох ч яахав. Харин энэ их хэмжээний санхүүжилтийг цагаан захтай залуу маань хаанаас хэрхэн олов гэдгийн ард маш том асуултын тэмдэг тавигдаж байна даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Гггг122.201.24.225
Зээ нэг иймэрхуу уйл явдлууд сонгуулиас сонгуульд ургэлжилдэгдээ. Тэгэхээр егсенийг нь авилга гэж ойлгох уу? Бэлэг гэж ойлгох уу? Хэцуудээ хэцуу. Ямартай ч егсенийг нь аваад сонголтоо еерийнхеерее хийгээрэй, сайн бод!
2019/12/04
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404