50:26 буюу МАНАН-гаас салах хамгийн оновчтой хувилбар
2019/12/03

Нэр бүхий УИХ-ын 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

1992 онд батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг 2005, 2011, 2015 онуудад шинэчлэн баталсан бөгөөд 2015 онд гаргасан хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.  Гэвч тус тусын зохион байгуулалтын шинж чанартай УИХ, Нийслэл дүүрэг, аймаг орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиудыг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсч,  Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг нэр дэвшигчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, оролцогч талуудын хооронд маргаан үүсэх,   сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг нөхцөл үүсдэг байсан хэмээн өргөн барьсан төсөлд дурьджээ.  Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэнэ.

Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгожээ.  Ингэхдээ 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойргоос сонгогдох юм.    Энэ нь  Монгол улсыг 1 тойрог гэж  үзэж,  Монгол Улсын нийт иргэдээс 26 нэр дэвшигч санал авч сонгогдоно гэсэн үг.  Өөрөөр хэлбэл сонгогчид УИХ-ын сонгуульд оролцохдоо 2 сонголт хийнэ. Өөрийн тойрогт нэр дэвшигчдээс сонгож санал өгөхөөс гадна том тойргийн 26 нэр дэвшигчээс аль нэгийг нь дугуйлна. Улстөрийн нам тус бүр 26 хүртэл тооны хүнээ нэр дэвшүүлэх бөгөөд  нийт сонгогчдын саналын хэдэн хувийг  авснаар нь хувилж тооцох аж.  Тухайлбал, МУ-ын 2 сая сонгогчийн 50 хувь нь МАН-ын 26  нэр дэвшигчдэд санал өгсөн гэж үзвэл   том тойргоос сонгогдох   УИХ-ын 26 гишүүний 13 нь МАН-аас байна гэсэн үг.

“Нам дугуйлах биш хүнээ сонгож дугуйлах хэлбэр нь ард түмний саналыг хүндэтгэж, Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжиж байгаа хэрэг” гэж төсөл санаачлагчид тайлбарласан.   Гэхдээ төслийн хамгийн том ач холбогдлыг  дээрх хувилбараар дамжуулан МАНАН дэглэмээс салах арга гэж харж болох юм. 

Одоогийн намын лидерүүд мэдээж жагсаалтад бичигдэнэ.  МАНАН бүлэглэлтэй хийх тэмцэлд хүч мөхөсдөж байгаа Ерөнхий сайд  МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн хүмүүсээр жагсаалтыг бүрдүүлж, дээрх хэмжээний саналыг цуглуулж чадвал Л.Оюун-Эрдэнийн хэлдгээр ирэх онд тэд олуулаа болж  МАНАН-гийн эсрэг тэмцэл хүчирхэгжих боломжтой.

Тиймээс нам намын  МАНАН-чуудаас салахаар  уриалж тэмцэж байгаа өнөө цагт том тойрогт нэр дэвшигчдээ жагсаах нь  хамгийн оновчтой хувилбар байж мэднэ.

Юутай ч төслийн хэлэлцүүлэг удахгүй УИХ-д орно. Төслийн ач холбогдлыг  эрхэм гишүүд хэрхэн харж чадахаас ирэх оны сонгуулийн тогтолцоо хамаарах нь ээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404