Аялал жуулчлалын салбар 13 дугаар зуунаар амьсгалах цаг удахгүй...
2019/11/25

Эзэн Чингисийн мэндэлсэн өдрийг Монгол бахархалын өдөр хэмээн нэрийдэж, энэ өдрөө бид хөшөөнд цэцэг өргөх, одон гардуулах, бөх барилдуулах төдийхнөөр л тэмдэглэчихдэг.

Чингисийн хөшөө Цонжин болдогийг эс тооцвол түүхчилж үзүүлэх, нүд баясгах, дэлхийд бахархах бүтээн байгуулалт гэхээр зүйлийг бид босгосонгүй.  

Чингисийн нэрээр иргэд нь бизнес эрхэлж, төр нь бонд босгож зээл авах мөртөө их эзний нэрийг нандигнах сэтгэл дутаж, музей дэглэх хөрөнгө ч “илүүчилсэнгүй”.  Дэлхийг тамгалсан  байлдан дагууллыг нь гайхан шагшиж, нэрийг нь дэлхий дуурсдаг  байтал цээж дэлдэх хоосон сагсуурлаар Монголчууд бид өөрсдөө их нэрийг халтартуулдаг.   Харин энэ бүхний эцэст  Монголын түүхийг Монголоос өөр газраас хайдаг болцгоочихжээ.

Тэгвэл дэлхийд омогшдог  “Монгол  бахархал”  бидний хувьд өвгөдийн үлдээсэн  түүхээс өөр юунд оршоод байгаа юм бэ?

Хятад хэмээх том хяналтын дор хэдий ч Өвөрмонголчууд хоёр том цогцолбор байгуулж, ЮНЕСКО-д бүртгүүлчихлээ. Ар Монголчуудын хийгээгүй бүтээн байгуулалтыг тэд хийж, бидний чадаагүйг тэд чадсан. Чингисийн нэрийг харамлаад, атаархаж жөтөөрхөөд суух биш харин түүхээ хадгалж, бахархлаа хамгаалж үлдсэнд нь  тэдэнд талархах ёстой.

Бид Их эзнийхээ нэрээр хоосон бахархахаа больж, бахархал түүхээ амилуулж чадвал дэлхийн Мянганы суут хүн Чингисийнхээ нэрээр дахиад мянган жил ч  бизнес хийгээд амьдрах боломж бий. 

Тиймээс дэлхийд бахархах зүйлтэй үндэстэн байхын тулд, дэлхийд байг гэхэд Монголчууддаа их түүхээ мэдүүлэхийн тулд бид Чингисийн нэрээр хуушуурын гуанз биш их бүтээн байгуулалт хийх цаг болжээ. Чингисийн нэртэй архи, пиво, бууз хуушуурнаас хэтрээгүй өнгөрсөн жилүүд ард хоцорч Чингисийн түүх амилах цаг ирж байна. Чингис хаан шүтээний байгууламж, Шихихутаг, Их хурилдайн цогцолбор, Добу мэргэний өргөө, Цагаан шонхор задгай театр, Мөргөлийн сүм, Боорчийн Андлалын өргөө,  Дэлүүн Болдогийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтууд Хэнтийд эхэлж байна.   Монгол угсаатны түүхийн гол нугачаа агуулсан Чингис хааны өлгий Хэнтий ийнхүү бүтээн байгуулалтаар амилж, аялал жуулчлалын салбар  13 дугаар зуунаар амьсгалах цаг удахгүй ирэх нь ээ.

Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, 2020 он гэхэд  жуулчдын тоог нэг саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх  Засгийн газрын зорилт ийнхүү хөрсөнд бууж эхэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404