ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Миний амыг хаах гэж жигтэйхэн юм болж байна
5 өдрийн өмнө

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

Уг хуралдаанд

…УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Наад яриад байгаа хэргүүдийг чинь АТГ шалгаад, прокурор хянаж байгаа шүү дээ. Нэгдүгээрт, УИХ томилгоо хийснийхээ хувьд яагаад явахгүй байна вэ гэдгийг тэр хоёр газраас асуух хэрэгтэй. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн дараа болохгүй гэж хэлсээр байтал баахан хууль батлаад хаячихсан. Тэрний дотор Прокурорын хууль орсон. Тэр хуулиудаар чинь. цагдаа гэдэг юм чинь өнчин ишигний мэдэлгүй болсон юм байна. Бүх эрх мэдлийг нь прокурорт өгсөн. Тиймээс орчныг нь сайжруулах санал оруулж ирэх гээд ажиллаад байж байна. Тэгэхээр шалгаж байгаа хоёр газраас нь яагаад хугацаа алдаад байгаа юм гэдгийг асуусан нь дээр байх. Тэгэхдээ хэрэг мөрдөх мөрдөн байцаах ажилд оролцохгүй гэдгээ тооцно биз. Би ганцхан жишээ хэлье. Монголбанкнаас дамжуулаад гаргаад авчихсан 100 тэрбум төгрөгийн асуудал байна. Тэрийг эрүүгийн журмаар шалгуулах зөвшөөрөл өгөөч гэж цагдаа хоёр сар прокурорт, бараг гурван сар прокурорын үүдэн дээр өдөр болгон зогсож байна. Гишүүддээ ганц зүйлийг ахмад хүн, зовлон үзсэн хүний хувьд яг энэ асуудалтай холбогдуулж хэлье гэж бодсон юм. Яах вэ, энд ярилгүй яах вэ. Нам дээр ярилгүй яах вэ. Ийм үед хамгаалж чаддаггүй юмаа гэхэд амаа хамхиад сууж байх ёстой. Цаана нь хүн ёсны асуудал байна. Би олон, олон ийм хэцүү хамгаалах юманд орж байсан хүн шүү. Ядаж АН-ынхны хажууд элдэв юм битгий ярьж байгаач гэж би заримаас нь гуйгаад байгаа. Хараад сууж байхад АН-ынхны хэлэх үгийг нь зааж өгөөд байна шүү дээ. Болиоч дээ. Би олон үг хэлэхгүй ээ. Ахын ёсоор хэлж үзлээ, хүний ёсоор хэлж үзлээ, зэмлэж үзлээ, аашилж үзлээ. Одоо яах вэ. Үүнийг залуучууд битгий мартаарай. Ийм үед хүний жудаг харагддаг юм. Их хэцүү үе ирж байгаа шүү. Зарим хүн дуусчихсан юм шиг заримдаа аашлах юм. Больчихооч дээ. Тэгээд гараад тайлбар хэлэхээр буруу ярьцгаах юм. Мөсгүй үг хэлээд байгаа учраас би яриад байгаа юм. Занданшатар тав дахь өдөр туйлын хариуцлагагүй үг хэлсэн. Тэр гишүүдийн хардалт дээр нэрмээс болсон. Г.Занданшатар энд байсан бол би нүүрэн дээр нь бүр хатуу хэлье гэж бодож байсан юм. Нэг биш удаа ийм том алдаа гаргаж байгаа. Засгийн газрын шалгалтын дүн ингэж гарч байгаа юм гэж ярьдаг. Юу гэж ойлгох юм бэ. Ер нь алдаатай юмнууд хийгээд байгаа учраас ийм асуудлаа яривал дотроо хоорондоо сууж байгаад ярь, бүлэг дээрээ ярь, нам дээрээ ярь. Энэ байнгын хорооны хурлын үеэр, чуулганы үеэр дахиж битгий ийм үг гаргаач гэж хүсэх гэсэн юм. Тэр хэргүүд прокурор, АТГ-ын түвшинд явж байгаа. Жаахан оролдоод асуугаад ирэхээр хэрэг бүртгэх ажиллагаанд хөндлөнгөөс саад болчих гээд байна гээд хэрэг үүсгэчихээд байгаа шүү дээ. Би ч сайд болсноосоо хойш жилийн хугацаанд өөр дээрээ хэдэн ч удаа хэрэг нээлгүүлчихэв дээ. Миний амыг хаах гэж жигтэйхэн юм болж байгаа. Хүүхдүүд рүү, худууд руу, граж руу, орон сууц руу орсон. Янз янзаар үзэж байгаа. Үүнийгээ жичид нь нэг ярьцгаая” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “…Батзориг сайдыг манайх бүлгээрээ авч үлдэнэ гэсэн шийдвэр гаргах байх. Энэ ганц Батзоригийн асуудал биш. Тийм учраас Батзоригийг авч үлдэх байх гэсэн шийдвэр гарна гэж бодож байна. Хэвлэлийн цунамид өртсөн байгаагаа бүгдээрээ яагаад ойлгохгүй сууж байгаа юм бэ. Хэвлэлийн дайнд бүгдээрээ ялагдчихаад сууж байна. Тэр нь, энэ нь гэж яриад яах вэ. Бүгдээрээ ялагдаж байна. Тэгчихээд өнөөдөр бид нар ийм арчаагүй дүгнэлт хийгээд яриад сууж байгаа нь аягүй харамсалтай байна. Өмнө нь Засгийг огцруулж байсан түүхээ мартаад хэрэггүй шүү дээ. Манай нөгөө нэг шударга ёсны тухай яриад, орилж хашгираад, АН-тай нийлээд засгаа унагааж, намаа хувааж байсан хүмүүс маань өнөөдөр юу бодоод сууж байна вэ. Энэ процессийг хэн эхлүүлж байсан юм бэ. Тэгээд хуурамч, хоосон эв нэгдлийн тухай ярьдаг. Энэ юмнуудаа ярихгүй байсаар байгаад наад улс төр чинь муухай харагдаж байна шүү дээ. Боль  л доо” гэж байр сууриа илэрхийллээ.

Мөн тэрээр “…ЖДҮХС-д төсвөөс мөнгө хуваарилахыг хоёр жил эсэргүүцсэн Хүрэлбаатарын зөв байжээ. Г.Занданшатар гараад ямар мэдэгдэл хийж байна вэ. Хоёр сарын өмнөөс ЖДҮХС-г шалгуулаад үр дүн нь өнөөдөр гарч байна. Ийм юм ярьдаг сайд нар байна шүү. Үгүй ээ, тэгээд энэ 64 гишүүнийг тавган дээр шарж идчихээд, тэгээд Засгийн газрын гишүүд “…Их Хурал муухай, Их Хурлын гишүүд муухай” гэж яриад сууж байгааг нь хэн зөв гэж хэлэх гээд байгаа юм бэ. Наад асуудлаа ярь л даа та нар. Нямдорж сайд аа, та ярь л даа. Яагаад та шударга ёсны тухай ярихгүй байгаа юм бэ. Би харин хэлж байна. Таныг ийм муухай, дандаа асуудалд бодитой биш байдлаар хандаж байгаа учраас би танд гомдож байна шүү. Яагаад та ийм юманд бодитой биш хандаж байгаа юм бэ” гэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Юу яриад байгаа юм бэ” гэж хариулав.

Тэдний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “…Бидэнд одоо найдах юм их л бага болчихоод байна. Энэ нөхцөлд эвлэлдээд, нэгдээд, хэвлэлийн дайн, улс төрийн тэмцэлдээ нэг удирдлагатай, нэг дуугаар яваад орохгүй бол бүх юм дууслаа. 2020 он ч лөөлөө боллоо. Мянга зам яриад, бариад ч нэмэргүй боллоо. 60 тэрбумаар баалууллаа. Одоо ЖДҮ-гээр баалууллаа. Ингээд 2020 он руу орох юм байна. Тийм учраас том зурагаа ярих хэрэгтэй байна. Батзоригийн асуудлаар Халдашгүй байдлын дэд хорооны саналыг сонсмоор байна. Ний нуугүй хэлэхэд энэ зөв, энэ нь буруу гээд дүгнэлт хийгээд санал өгөхөд би хувьдаа бэлэн биш байна. Нэг нөхрийгөө явуулмааргүй байна. Тэгэхдээ цаад талд нь прокурорын бичиг, нийгмийн бухимдал, сошиалын дайн, сошиалын дайн, тэгээд энэ асуудлын цаана бол явсаар байгаад УИХ-ыг муухай харагдуулах, УИХ-ыг тараах том улс төрийн тэмцэл явж байна шүү дээ.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг бол ганц Батзоригийн асуудал биш. Ийм асуудал байдаг. Тийм учраас би санал хураахын өмнө ер нь бүлгээр ийм чиглэл гаргуулах юм уу, гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх юм уу, үүнийг бас нэг бодож үзэх бас нэг хувилбар шүү. Гурав дахь нэг санаа би хэлэх гэсэн юм. Өнөөдөр Хүрэлсүх сайд үдээс өмнө нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа хэд хэдэн санаа хэллээ. Би заримыг нь алдаад хийсэн юм болов уу гэж бодсон. Өнөөдөр тэр саналаа дахиж хэлж байна. Хүрэлсүх Ерөнхий сайд өнөөдөр ингэж хэллээ. “…Би ажлаа хиймээр байна. Шударга ёсыг тогтоомоор байна. Гэхдээ Үндсэн хууль үүнийг надад зөвшөөрөхгүй байна. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярина” гэж байна. Хүрэлсүх дарга та хувь хүний хувьд Үндсэн хуульд яаж ч хандаж болно. Өнөөдөр төрийн өндөрлөгүүдийн нэг, тангараг өргөсөн Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулийн хэрэгжилтийг  Засгийн газрын өмнө, улс орны хэмжээнд биечлэн хариуцаж байгаа. Тийм хүний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг та ярих зохимжгүй. Энэ бол УИХ яриад хэлэлцээд явна. Тэр тусмаа  “…Ажил хийж болохгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” гэдэг бол зохисгүй алдаатай зүйл гэж бодож байна. Болж өгвөл үүнийгээ та ойрын үед залруулах ёстой. Бид чинь бүгд Үндсэн хуулиа барьж ажиллана гээд тангараг өргөсөн байгаа шүү дээ. Тэр тусмаа та биечлэн хариуцлага хүлээж байгаа хүн. Хоёрдугаарт, та “…УИХ-д хариуцлага тооцно. Дараа нь Засгийн газарт хариуцлага тооцно” гэж хэллээ. Өнөөдөр би буруу сонсчихлоо гэж бодоод гишүүдээс асуусан. Та яг тэгж хэлсэн байна лээ. УИХ-д хариуцлага тооцох субъект бол та биш ээ. УИХ танд итгэл хүлээлгэж гүйцэтгэх засаглалыг хариуцуулсан учраас та энэ алдаатай мэдэгдэлдээ дүгнэлт хийж залруулах ёстой. Бас “…Энэ бүгдийг би хийгээд болохгүй бол би ард түмнээсээ дэмжлэг хүснэ” гэлээ. Энэ УИХ-ын олонхийг, 64 гишүүнийг төлөөлсөн Намын даргын хувьд та ийм мэдэгдэл хийж болохгүй. Парламентын бус намууд хийг. Тэр иргэний хөдөлгөөн хийг. Бүр сөрөг хүчийг төлөөлж байгаа Ерөнхийлөгч хийвэл хийг. Одоо дүүрч. Гэтэл та чинь өнөөдөр манай Намын дарга шүү дээ. 64-ийн бүлгийн төлөөлөл болсон гол хүн шүү дээ. Парламентын дотор тэмцлээ хийж байх ёстой хүн шүү дээ. Засгийн эрх чинь танд байж байна. Тэгээд өнөөдөр телевизээр олон нийтийн өмнө ард түмнээсээ дэмжлэг хүснэ гээд яриахаар чинь юу гэж ойлгох вэ. Олон нийт маш буруу ойлголт авч байна шүү дээ. Тэгэхээр үүнийгээ залруулахыг би таниас хүч байна, зөвлөж байна. Үүнийг би буруу алдаатай ярьж байгаа эсвэл таны яриаг буруу ойлгосон бол авч гээхийн ухаанар хандана биз” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404