60 тэрбумаас илүү төгөлдөржсөн схем
2019/10/03

2000 оноос хойш хөрөнгөтнүүдийн хэлбэр хөөсөн моод үндэстний хэмжээнд дэлгэрэв. Хурдан морины үнэ тэнгэрт хадаж, монгол түмний цэнгэл баячуулын аархал болж хувирав. Өвөл, зунгүй бооцоо тавьж морь уралдуулдаг уяач нэртэй түшмэдүүд ийн олширч, хурдан морины төлөө хуруу хумсаа хугалах болсны учир юу вэ?

Ядуухан ч гэлээ ээж аавынхаа халуун хайраас мэндэлсэн бяцхан амь гэдгийг ухаарах сөгөөгүй болтлоо улайрч, хүүхдийн амиар өргөл өргөдөг тэдний аархалын ард урьд хожид дуулдаагүй тэнгэрт хадсан үнэ, албан тушаал горилогсдын авлигын сүлжээ нуугдаж байдаг нь нэгэнт ил болжээ. Улс төрийн сонирхолтой нөхөр өндөр үнээр авсан хурдан адуугаа даргад бэлэглэнэ. Өндөр үнэтэй адууны оронд дарга албан тушаал өгнө. Харин даргаас өөр нэг горилогч илүү өндөр үнээр худалдаж авна.

Харин уг адууг наадамд сойх уу үгүй юу, адуу нь айргийн тавд хурдлах уу үгүй юу ер чухал биш. Энэ бол ердөө мөнгөний урсгал даргын халаас руу тасралтгүй цутгаж байх бохир схем. Уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболдын Засгийн газрыг “Уяачдын Засгийн газар” гэж нэрийдэж байв. Нэн шинэ мэт сонсогдох эл схемийг Уяачдын сүлжээ Засгийн эрхийг атгаж байсан он жилүүд батлаад өгнө. Одоо ч М.Энхболдын хүн гэх тодотголтой олон схемчид төрийн хэлхээ холбоог залгуулсаар байгаа. 60 тэрбумын сүлжээнээс илүү жин дарах дээрх бохир схем мөн л М.Энхболдоор овоглогдсон байх юм.

Удам сайтай гүү, араб азарганы үр төлийг үнэ хайрлахгүй авч, өлгийдөх шахам торддог хийгээд дарга болгон адуу мэддэг, уяачийн цол хэргэм зүүх болсны учир энэ. Албан тушаалаар солио хийж авсан араб морьдоо уралдуулахгүй бол хайран. Тиймээс ч тэд төрийн наадмыг эрлийзжүүлчихсэн. Монгол төрийн наадамд Эрлийз морь уралдуулахгүй хэмээсэн У.Хүрэлсүх сайдын шийдвэр магадгүй авлигын нэгэн сүлжээг таслах оролдлого ч байсан биз.

Энэ мэтээр авлигын олон сүлжээ улам бүр төгөлдөржсөөр....

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Нэгэн66.181.161.91
Тэдэнд хүн өрөвдөх сэтгэл байхгүй
2019/10/03
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404