30 ЖИЛИЙН АЛДААНДАА ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2019/09/23

Монголын төрд сүүлийн 30 жилд үзэгдээгүй Ерөнхий сайдыг бид ажиглан харж байна. Түүний эрс тэс мэдэгдлүүд, этгээд шийдвэрүүд нь худал хуурмаг, сахилга хариуцлагагүй хумслан хулгайлагч, тонон завшигч тогтолцоон дор гурван арваныг элээж эл байдалдаа дасан зохицож дөжирч орхисон нийгмийг цочирдуулж цөөнх бүлэглэлд түгшүүр, олонхи иргэдийн итгэлийг сэрээгээд байгаа юм.

АЛДАХ ЭРХГҮЙ ҮНЭ ЦЭНЭ

Гэхдээ тэр бурхан биш харин алдах цагтаа алдаж түүн дээрээ тулж босож ирсэн нь түүний онцлогт бий. Мань эр шударга бус нийгэм, МАНАН дэглэмийг нураах гэж улс төрийн бохир замд залуугаасаа өнөөг хүртэл юу эсийг үзжээ.  Тэсрэх газар нь тэсэрч, тэвчих газар нь тэвчиж ирж. Тэвчээр заасан он жилүүд нь өнөөдөр түүнийг энд хүргэжээ. Энэ түүх түүнийг тэмцэх цэгцлэх тэнхээтэй болгосон биз. Тийм учраас мань хүнд алдах орон зай байхгүй. Учир нь  тэр энэ боломжийг хүртэл улс төрд багагүй хатүү хөтүүг туулсан, тэвчсэн, тэссэн. Одоо Хүрэлсүхэд МАНАН сүлжээтэй харьцуулахад  цөөхөн хэдий ч олон жилээр шалгарч үлдсэн зорилго нэгтэй нөхөд нь, итгэж дагуулж эрийн цээнд хүргэсэн ОюунЭрдэнэ, Учрал, Нямбаатар нарын шударга залуус нь тэмцэл өрнүүлэх тэнхээ тамир нь болж байгаа.

Өнөөдөр тэр ард түмнээсээ дэндүү их итгэлийн ачааг үүрэн хутганы ирэн дээгүүр алхаж яваа нь энэ. Товчхон хэлэхэд энэ тэмцлийг эхлүүлэх тэнхээ суутлаа Хүрэлсүх улс төрд ч хувь хүн талдаа ч олон зүйлийг зольсон юм. Тийм болохоор Монголын улс төр, нийгэмд тогтсон МАНАН сүлжээг нураах, шударга ёсыг тогтоох ялалт бол Ерөнхий сайдад төсөөлшгүй үнэтэй.

ЦЭРГИЙН ТАКТИК БА УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ

Саяхан гучин мянган хүн төв талбай дээр цугларч "Шударга ёсны хувьсгал" ыг шаардсан. Цөхөрсөн иргэд ил далд цус мөргөлдөөнд дуудаж байсан нь ч бий!!! Харин Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар үүнийг эрс шинэчлэл болгон өөрчлөх тактик барьж бухимдсан олны хилэнг өөр дээрээ авсан. Тэр "надад итгэ,  бидэнд хувьсгал биш хувьсан өөрчлөлт, эрс шинэчлэл хэрэгтэй" гэдгийг хэлж олны хилэнг итгэл болгон өөрчилж чадсан. Гэхдээ энэ тэмцэл амаргүй чамгүй их хугацаа золиос шаардана. Бүхэл бүтэн гучин жил боссон хог новш, хорт шарилж шүү дээ.

Саяхан даа саяхан. УИХ -ын чуулган дээр МАНАН гийн цөөврүүд түүн рүү хэрхэн улин гасалж архиран дайрч байлаа. Тал талаас идсэн уусантайгаа, эрлийз хурлийзаараа нийлээд хос хосоороо, паар паараара түүнийг огцруулах гэж бүлэглэн дайрч байв. Ийм л олон толгойтой, олгойдоо хуйвалдаантай, оройноосоо хөлөө хүртэл нэвт сүлжилдсэн МАНАН хэмээх тогтолцооны эд эс бүр лүү тэр давшилтаа эхлүүлсэн. Улсаасаа том, төрөөсөө дээгүүр 30 жил бэхжиж хаанчилсан тогтолцоо.

Ер нь бол хурандаа Хүк дэндүү олон фронт дээр нэгэн зэрэг тулаанаа эхлүүлж орхисон. Шударга бус бизнес, шунал шингэсэн уул уурхайн улангассан тонон сүйтгэгч, авилгал, шүүх засаглал, гаалийн бохир хуйвалдаан. Эрх мэдэл, эрдэс баялаг, газар шорооны дээрэмчин луйварчид гээд. Монгол орны олон жилээр онгичсон уул тал, бохирдсон ус гол.  Хүрэлсүхийн тэмцлийн үр дүнд дотоод гадаадын байгалийн зандалчид, алт эрдсийн тонуулчид  цаазын ялаасаа мултарч эхлээд байна.

СЭЛЭМ ДАЛАЙВ Ч ЦАВЧДАГГҮЙН УЧИР

Хүрэлсүхээс ард олон дэндүү ихийг хүсч байна. Заримдаа хүчрэхгүй, Ерөнхий сайдад олгосон эрх хэмжээнээс дээгүүр алхам, давсан шийдвэрүүдийг ч хүснэ. Ерөнхий сайд бол бүхнийг чадагч бас биш!!! Түүнд үл хүрэх хэм хэмжээ, хуулиар тогтоосон зааг бий. Сэлэм далайгаад ч цавчих эрх нь шүүх засаглалд бий. Шүүмжлэн загнав ч хариуцлага тооцох эрх нь харъяа тогтолцоонд... Ийм л хуультай. Ийм л тогтолцоотой. Гэхдээ болохгүй байна шударга шуурхай бай гэдгийг боломжоороо л хэлж, шаардаж байгаа нь энд тэнд нуугдсан буруу бүхнийг чичлэн илчилж байгаа нь тэр. Харин өөрийн эрх мэдлийн хүрээнд бол тэр далайхаа далайж цавчихаа ч цавчсан.  Өөрийн засгийн хэд хэдэн сайдад хариуцлага тооцож өөрөө гардан зайлуулсан. Шүүх нь, тогтолцоо нь, хариуцлага тооцох эрх хэм хэмжээ нь эргээд хүлээх хариуцлага нь ерөнхий сайдад, гүйцэтгэх засаглалд байдаг бол цагийн цөвүүнтэй цавчилцах цөс түүнд бий.

ХҮРЭЛСҮХИЙН АРД ТҮМЭНДЭЭ ОЛГОЖ БУЙ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ

Өнөөдөр МАНАН мафи, шударга бус нийгэмд өгөх гол цохилт эхэлж байна. Энэ нь УИХ-ыг тараах тухай асуудал. Өчигдөрхөн л ардчилсан намтай нийлсэн ардын намын зарим гишүүд буюу МАНАН гийнхан ӨНДӨР дуугаар УИХ-ыг тараая гээд самбар дээр гарын үсгээ дурайлгаж байсан. Гэтэл өнөөдөр ИНДЭР доогуур нуугдаж, тарахгүй хэмээн эсэргүүцэв. С.Эрдэнэ, Хаянхярваа нар нэгдэн  доройхон гаслав. Ийм л хоёр биш хорин нүүртэй, холыг биш хорт үйлдлээ бодсон МАНАН мафийн адгийн шаарнууд төр барьж байна.  Эдний эцсийн найдлага цаг хожих. Эрээ цээргүй гүтгэж гүжирдэх сенсаци дэгдээж, энэ зуураа эсэргүүцэх хөрөнгөө босгох нь тэдний тактик. Эргээд сонгуулиар хор, мөнгө хоёроор хорвоог эргүүлэх санаархал өөр юу ч биш. Хүрэлсүх тэргүүтэй шинэчилэгчид МАНАН-гийханд тооцоолоогүй цохилтыг УИХ-ын ээлжит бус сонгууль хийх шийдлээр өгч орхилоо. МАНАН мафийн  тооцоолсон төлөвлөгөөг нураах гол арга нь  ээлжит бус сонгууль

 

Идэвхтэн бичигч Улздөш

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404