УИХ-ыг тарахыг анхлан шаардагчид нь Ардчилсан нам.
2019/09/20

Хүссэн юм хүзүүгээр гэдэгчлэн одоо эрх баригч МАН-ын бүлэг өөрсдөө тарах санаачилга гаргаад байна. Харин УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг анхлан шаардагчид нь Ардчилсан нам. Тус намын зөвлөл энэ оны нэгдүгээр сард парламентыг тараах тогтоолын төсөл санаачилж гарын үсэг цуглуулж байсан удаатай. Харин үүнийг  АНын дарга С.Эрдэнэ “Хариуцлагаас мултрахын тулд УИХ-ыг тараах гэж байна” хэмээн  мушгив.  Анхлан санаачлагчийн хуьд АН-ын зөвлөл алга ташин дэмжих ёстой атал одоо тэр байр сууринаасаа буцчихсан тууж явна.  Энэ нь хувь улстөрчийн төдийгүй  тухайн намын төлөвшлийн хэр хэмжээг харуулж буй жишээ юм.  

Намын үзэл баримтлал, чиг хандлага гэдэг  цагийн аяс, салхины үзүүрээр гуйвж дайваад байдаг  зүйл биш байлтай сан.  Харамсалтай нь хэлсэн ярьснаасаа гуйвж дайвсан иймэрхүү  зураглал улс төрчдийн имиж илэрхийллийн салшгүй хэсэг нь болчихож.

УИХ хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгууль явуулах нь АН-ын хувьд тун хатуу сорилт болно. 2016 оны сонгуулиас хойш АН-ыг санагалзах, хүсэмжлэх шалтгаан сонгогчдод бараг гарсангүй.

Үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр энэ сарын 17-ны шөнө АН яаралтай хурал зарласан ч тодорхой шийдэлд хүрээгүй гэх мэдээлэл байгаа юм.

АН-ын хувьд ээлжит бус сонгуульд бэлэн биш байгаа. Тэгээд ч сонгууль болдог юмаа гэхэд МАН одоогийн энэ  эерэг үнэлгээ дээрээ дөрөөлж ялах магадлал  өндөр.Хэрэв АН  УИХ-ын сонгуульд хоёр дараалан ялагдал хүлээвэл тус нам нийгмийн ой тойнд төдийчинээ бүдгэрнэ.  “Зуд ирвэл ухна хуцанд” гэдгийн жишгээр АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага хамгийн түрүүнд ирнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404